Бид энэ удаа “Эх орондоо үлдэнэ” медиа төслийн хүрээнд, ээж гурван дүүгээ тэжээж, тэдэнд тус дэм болохын тулд гадаадад 10 гаруй жил ажиллаж амьдарсан Б.Санчиртай ярилцлаа. Түүний хувьд, ажил хийж олсон мөнгөө гэр бүлийнхэндээ явуулж, өөрийн чадлаараа тусалж чадсан хэдий ч ээжийнхээ амьд байх сүүлийн мөчид хамт байж чадаагүйдээ харамсаж явдаг талаараа ярьсан юм. Мөн тэр, залуус, дүү нартаа хандаж, гадаадад ажиллаж, амьдрах нь зөв шийдвэр байж болох ч, ухрааж болохгүй цаг хугацааны үнэ цэнийг тооцоолж амьдралаа төлөвлөх учиртайг зөвлөлөө.
–Үзэгчдэд та өөрийгөө танилцуулаач? Сүүлийн үед юу хийж байна вэ?
-Намайг Булган овогтой Санчир гэдэг. Архангай аймгийн Цэцэрлэг хотын аймгийн төв дээр төрсөн. Айлын том хүү. Доороо гурван дүүтэй. Насыг ээжтэйгээ цуг өнгөрөөсөн ийм л залуу байна даа. Одоогоор УГЗ Чинбат ахтайгаа, Emotion, S4 хамтлагийнхантайгаа нийлээд шинэ продакшн, энтертайнмент компани нээгээд урлаг соёлынхоо ажлыг хийж байна. Хажуугаар нь өөрийн хувийн бизнесээ хийгээд л явж байна.
-Урлагийн хүн байх нь ээ?
-Ээж минь намайг урлагаар явуулах дургүй байсан л даа. Тэгээд л би зөрүүдлээд СУИС-д шалгалт өгч, тэнцээд сурч байсан юм. СУИС-д нэг жил гаруй сураад, амьдралын шаардлагаар сургуулиа хаясан. Төлбөрөө төлж чадахгүй гээд л янз янзын шалтгаанаас үүдэн урагшаа явах үүд хаалга нээгдсэн юм. СУИС-д хамт сурдаг байсан Өвөр Монгол найз маань, “урд очоод, бааранд дуулахаар маш их мөнгө олдог шүү” гэхээр нь тэр үедээ урагшаа явсан. Биднийг өсгөх гэж зовж байгаа ээжийгээ хараад их хэцүү байдаг байсан юм. Сургуулийн төлбөр, хотод байх, идэж уух гээд л… Хажуугаар нь санаа зовох зүйл их байлаа. Олигтой хамаатан садан хотод байхгүй. Тэрнээсээ болоод найзтайгаа гадаа хонож явсан үе ч олон. Хүний амьдрал шүү дээ.
-Гэрийнхэндээ дэм болж мөнгө олохоор л урагшаа явсан хэрэг үү?
-Ангайсан гурван дүүгийн маань өсгөж байгаа ээжийгээ харахаар өрөвдөөд л, сурах сонирхолгүй болчихсон байсан. Ихэнх залуус гадагшаа явахдаа мөнгө их хийнэ, баяжна гэж явдаг. Би урагшаа яваад яг гэрийнхнээ тэжээх гэж, ээждээ тус болох гэж л явсан. Цалингаа аваад өөрөө 100-200 юань авч үлдээд, үлдсэнийг нь гэр лүүгээ явуулдаг байлаа. Ийм байдалтай бараг 6-7 жил явсан. Манай ээж өнгөртөл ийм байдлаар амьдарсан даа. Ээжийгээ алдсан тэр үеэс бүхнийг ойлгож эхэлсэн.
-Юу ойлгосон гэсэн үг үү?
-Миний ээж насаараа өөрийн гэсэн гэр оронгүй явсан юм. Миний ганц мөрөөдөл бол, ээжийгээ байртай болгочих юм сан гэж уг нь боддог. Би тэндээс ээждээ мөнгө өгөөд л байдаг. Тус болоод байгаа юм шиг хирнээ, ээжийгээ бурхан болоход нь хажууд нь байж чадаагүй шүү дээ. Манай гурван дүү гурвуулаа жаахан. Ганцхан ажил хийдэг нь би. Манай ээж нэг өдөр л, “ээж нь биш болчихлоо” гээд ярьсан. Тэгээд би гэртээ ирсэн. 7.5 см радиустай савны хорт хавдартай болсон байсан даа, ээж минь. Ядуу хүний зовлон л тэр шүү дээ. Ганц ажил хийж байгаа би болохоор, заавал ажилдаа явдаг. Нэг сар болоод цалингаа аваад, буцаад ирдэг. Мөнгө өгөөд ээж минь болоод байдаг гэсэн ойлголттой боловч одоо би их харамсдаг. Ээжийнхээ бурхан болж байгаа хэдхэн сард нь би хажууд нь байж чадаагүй. Энэ бол миний амьдралын хамгийн том ангал.
-Хамгийн сүүлд ээжтэйгээ уулзсан мөч нь танд мартагддаггүй байх. Тийм үү?
-Ээжийг өнгөрөхөөс хэдхэн хоногийн өмнө би гэртээ харьж ээжтэйгээ уулзсан. Зул бөхөхийнхөө өмнө бадамлалдаг гэдэг шиг… Манай ээж өнгөрөхийнхөө өмнө байнгын хэвтэрт байсан. Тэр өдөр надтай шатар тоглоод л…тэгээд, захиад л…
Тэр үед ээж миний томдсон майкыг өмсчихсөн. Хөх нь хажуугаар нь гарчихсан дүр зураг нь санаанаас гардаггүй. Тэгэхэд л би мөнгө, мөнгө гэхгүй гэртээ үлдчихгүй яав даа гэж боддог. Тэр үед би ээж дээ хэлсэн. “Ээж би дахиад явчхаад ирье. Нэг сар болчхоод ирье. Миний ээж сэргэж байгаа юм чинь хүүгээ иртэл байж байгаарай, тэснэ шүү, ээж” гээд л. Тэгэхэд, “өө асуудалгүй миний хүү” гээд л явуулсан. Урд очоод нэг хоноод л, маргааш нь над руу гэрээс залгасан. “Ээж өнгөрчихлөө” гээд. Энэ цаг хугацаагаа л алдсан. Хамгийн гол зүйлээ. Хэнд ч хэрэггүй тэр байрыг олох гээд л. Уг нь ээжийгээ баярлуулчихъя гэсэн хүүхдийн л бодол байсан юм.
Тэгээд ээж өнгөрсөн. Монголдоо ирсэн. Ганц хоёр хоног ч гэсэн зовлон жаргалаа ярьж чадаагүй ээжийгээ алдсан. Сайн хамаатан садангүй. Өөрсдийгөө яая гэж байгаа хүмүүс шүү дээ. Ирчхээд нэгдүгээр эмнэлгийн моргоос шөнө ээжийгээ аваад л эсгийнд боочихсон явж байлаа. Миний ээж том биетэй, шар эмэгтэй байсан. Эсгийнд ороочихсон ээжийгээ аваад л, ил тавьдаг ёстой гээд микронд наар засаад, шөнөжингөө донслоод, шарилыг нь тэврээд, Архангайн Бумбатын энгэрт цасан дээр ээжийгээ нүцгэн тавиад л ирсэн дээ.
-Тэр үед маш их зүйлийг эргэцүүлж байсан байх.
-Би дахиж хэзээ ч ийм харамсмаар зүйл хийхгүй байх юм сан гэж бодсон. Дахиж хэзээ ч эмэгтэй хүний төлөө уйлахгүйдээ гэж… Гэхдээ уйлдаг л юм билээ. Том охиноо гарахад уйлсан.
-Гадаадад өнгөрүүлсэн цаг хугацаандаа харамсдаг ч, ололттой зүйл бас бий байх. Тийм үү?
-Арав гаруй жилийн хугацаагаа нөхөх гэж хамгийн их зовж байна. Би ирээд гурван жил болж байгаа. Энэ хугацаанд нөхөх гэж зовж байна гэсэн үг.
Яах вэ. Хүний амьдрал мэдээж амаргүй. Монголд болохгүй байгаа асуудал их байна. Янз, янзаар тайлбарлаж ярина л даа. Гэхдээ гадаад руу хүмүүсийг битгий яв гэж байгаа юм биш. Явцгаа. Газар үз. Хүн ямар байдаг, хүний газар ямар байдгийг эхлээд ойлгож байж, дараа нь эх орныхоо үнэ цэнийг ойлгодог. Сэгсгэр ч гэсэн ээж минь гэдэг шиг. Гадуур гоё тансаг мундаг ээж нар зөндөө байгаа. Гэхдээ миний ээж дахиж олдохгүй шүү дээ. Тэр сиймхий гэр, сэгсгэр ээж хоёр надад ганцхан байгаа. Энэ үнэ цэн эх оронтой чинь яг адилхан. Гэр муухай болчихлоо, ээж нь хөгшрөөд гар, хөл нь муухай болчихлоо гээд хаячихдаггүй биз дээ. Хүн чинь тэвчих гэж амьдардаг. Эхнэр, нөхөр хоёр хүртэл. Хайр гэдэг зүйл чинь эхлэхэд л байдаг. Дараа нь байхгүй. Үлдсэн нь дандаа тэвчээр. Биесээ тэвчиж байж олон жилийг хамт өнгөрөөнө. Хүүхдээ өнчрүүлэхгүй гэдэг шиг.
Би урагшаа анх үүргэвчтэйгээ л явсан. Сүүлд яриа өгөхөд хүмүүс, олон жил яваад, хийдгээ хийгээд, ирсэн байж ингэж ярилаа гэж байсан. Би тухайн үед нь бодсон л доо. Би анх үүргэвчтэйгээ явсан. Үүргэвчтэйгээ л ирсэн. Өөр юу ч надад нэмэгдээгүй. Ердөө цаг хугацаа өнгөрсөн. Хүн ер нь дандаа харамсаж явдаг. Ээжтэйгээ байхгүй яав даа гэдэг харамсал хамгийн том нь. Ээжийгээ жаргаачихгүй яав даа гэж.