Төвөдийн түр засгийн газрын гишүүн Пенпа Церинг Далай ламын талаар шуугьж буй сэдвийг хөндөж, Далай ламын үйлдлийг өмөөрсөн тайлбар өгчээ. Тодруулбал, Далай ламын хэлээ гаргаж, бага настай хүүхдээс хөхөхийг шаардсан үйлдэл нь “ямар ч далд санаагүй, гэмгүй үйлдэл” гэж хэлсэн байна. Пенпа Церинг олон нийт хийгээд хэвлэл мэдээлэл энэ үйлдлийн талаар буруу мэдээлэл түгээж байгаа нь далай лам ба түүнийг дагагчдын хувьд хүнд тусаж байгааг мөн тайлбарлажээ. Тэрээр үргэлжлүүлэн “Далай лам нь олон жилийн турш гэр бүлгүй, ариун амьдарч ирсэн. Түүний энэ олон жилийн оюун санааны гэгээрэл бие махбодын, мэдрэхүйн таашаалыг нь умартуулсан” гэсэн байна. Түүнчлэн Пенпа Церингийн хэлсэн өөр нэгэн үг хэвлэлүүд анхаарлыг татаж байгаа юм. Тэрбээр “Далай ламын бичлэг цахим сүлжээнд эрчтэй тархахад Хятадыг дэмжигч эх сурвалжууд ажилласан тухай мэдээлэл бидэнд бий” гэсэн нь энэ үйл явдлын цаана улс төрийн шинжтэй асуудал мөн хамааралтай эсэх таамаглалыг үүсгээд байна. Учир нь уг бичлэг дээрх үйл явдал энэ оны 2-р сард Дарамсалад болсон ч энэ сарын эхээр гэнэт тархаж эхэлсэн нь сэжигтэй гэж үзжээ. Далай лам 1959 онд Төвөд дэх Хятадын нөлөөнөөс болж Энэтхэг рүү явсан байдаг. Түүнчлэн түүний албанаас уг хүү болон гэр бүлийнхнээс нь уучлалт хүссэн мэдэгдэл гаргасан юм. Энэ мэдэгдэлд “Далай лам олон нийтийн өмнө санамсаргүй үйлдэл гаргаж, тэр нь буруу ойлголт төрүүллээ” гэж дурдсан байсан билээ.
SOURCE: BBC