УИХ-ын гишүүн, АН-ын гишүүн Ц.Туваан УИХ-ын сонгуулийн холимог тогтолцоог дэмжиж байгаагаа илэрхийллээ.
Тэрбээр, "Холимог тогтолцоонд ард түмэн дургүй байдаг шалтгаан нь хулгай, авлигын асуудалд холбогдсон хүмүүсийг "листэд" бичиж оруулж ирэх гээд байна гэж хардаж байгаа. Ардчилсан намын хувьд ийм листийг хийхгүй. Ард түмний дунд энгийн хэллэгээр "хаалгаар гаргахаар тооноор ороод ирэх юм" гэдэг яриа үүсдэг. Манай намын хувьд тооноор оруулахгүй. Тооноо торлоно. Лист дотор орж ирж байгаа хүмүүс мэргэжлийн хүмүүс байхаас гадна тодорхой секторын хүмүүсийг оруулж ирнэ. АН-ын дарга Л.Гантөмөр ч үүнийг хэлж байгаа. Тодруулбал, малчдын төлөөлөл, тариаланчдын төлөөлөл, багш, эмч, мэргэжлийн хуульч нарыг оруулж ирнэ. Бид саяхан Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл дээр парламент "онигоонд" орсон. Хөдөө орон нутагт ярьж байна лээ. Төрийн бодлого гэдэг юм чинь ийм туйлбаргүй болчихсон юм уу гэж. Нэг гараараа үүнийгээ зөв гэж баталчхаад нэг хүн хориг тавингуут буцаагаад буруу гээд хүлээгээд авчихсан. Тиймээс энэ мэт "устай" муу хуулиуд батлаад байна гэсэн шүүмжлэлийг хэлж байна. Тэгэхээр мэргэжлийн мөнгөгүй хүмүүс орж ирж чадахгүй байгаатай энэ асуудал шууд холбоотой" гэв.