Хятад эмэгтэйчүүд гэр бүл зохиохоос илүү хувийн амжилт, карьертаа анхаардаг болсон нь тус улс дахь төрөлтийн түвшин буурах хамгийн гол хүчин зүйл болж байна. Түүнчлэн Хятадад ахмад настнуудын тоо нэмэгдэж, дэлхийд хамгийн их хүн амтай гэсэн байр сууриа Энэтхэгт тун удахгүй алдах магадлалтай байгаа юм.
БНХАУ-ын засгийн газар 2016 онд “Нэг Хүүхэд” бодлогоо цуцалж, 2021 онд хүүхэд төрүүлэх хязгаарлалтыг мөн болиулсан. Гэсэн хэдий ч залуу гэр бүлүүд нэг л хүүхэд төрүүлэх, эсвэл огт хүүхэд төрүүлэхгүй байх сонголт хийсээр байна гэж Сингапурын үндэсний их сургуулийн антропологи, социологийн дэд профессор Му Женг хэлжээ. Тэрээр үргэлжлүүлэн “Ковид-19-ийн уршгаар тодорхойгүй олон нөхцөл байдал үүссэн нь эмэгтэйчүүдэд мөн нөлөөлсөн” гэсэн байна. Хятадад ажиллах хүчинг бүрдүүлдэг эмэгтэйчүүдийн тоо барууны орнуудынхаас ч их байдаг гэдгийг хөндлөнгийн судлаачид хэлж байгаа юм.
Өөрөөр хэлбэл, бусад Азийн улс орнуудтай харьцуулахад Хятад эмэгтэйчүүд гэртээ суухыг төдийлөн ач холбогдолтой гэж үздэггүй аж. 2020 оны судалгаагаар Хятадын нийт докторантуудын 42 хувь нь эмэгтэйчүүд байсан бол магистрантуудын тоо эрэгтэйчүүдийг давжээ. Энэ үзэгдэл цаашид ч ихсэх магадлалтай байгаа тул төрөлтийн түвшин ойрын жилүүддээ Хятадад буурах төлөвтэй байгааг CNBC онцоллоо. Тухайлбал, Хятадын Үндэсний статистикийн хорооноос 2022 онд тус улсын хүн ам 1.412 тэрбум болсон нь 2021 оны 1.413 тэрбумаас буурсан тухай мэдээлсэн. Түүнчлэн хүн амын өсөлтийн хурд 1960 оныхоос анх удаа буурсан үзүүлэлт гарсан юм.
SOURCE: CNBC