Спорт өрөлтийн ДАШТ Сингапур улсад энэ сарын 7-9-нд боллоо. 17 орны 367 тамирчин 13 насны ангилалд өрсөлдсөн энэ удаагийн тэмцээнд Монголын 39 тамирчин өрсөлдлөө. Манай тамирчид ДАШТ-ээс 27 медаль хүртэн, монгол түмнээ баярлуулав.
Монголын тамирчид өмнө нь буюу 2021 онд ДАШТ-д цахимаар өрсөлдөхдөө таван медаль авч байсан. Өнөө жилийн ДАШТ-ээс “Язгуур” сургуулийн тамирчид 15 медаль авснаараа онцлог.
Монголын тамирчдын амжилт, ДАШТ-ий өрсөлдөөний талаар “Язгуур” сургуулийн багш Э.Энхмандах “ДАШТ-д Монголоос нийт 39 тамирчин оролцсон. Бид анх удаа ийм олон тамирчны бүрэлдэхүүнтэй өрсөлдөн, анх удаа 27 медаль авлаа. Өмнө нь буюу 2021 онд цахимаар болсон ДАШТ-ээс таван медаль авч байсан. Энэ удаа 27 болгон ахиулаад ирлээ.
Спорт өрөлт Монголд сүүлд хөгжсөн спорт. Монголд хурдацтай хөгжин, маш олон хүүхдийг бэлтгэж байгаа. Бид тамирчдаа сургууль цэцэрлэгээс нь, багаас нь бэлдэж байгаа. ДАШТ-д манай бага насны тамирчид маш сайн өрсөлдсөн.
Есдүгээр сараас авхуулаад чансаа олгох тэмцээнүүдийг сар бүр зохион байгуулсан. Мөн гурван сар тутамд нэг удаа лигийн тэмцээн хийсэн. Тэндээс шалгарсан тамирчдыг ДАШТ-д оролцууллаа.
Би “Язгуур” сургуулийн багш. Манай сургуулийн тамирчид бүгдээрээ медаль авсан нь онцлог байлаа. “Язгуур” сургуулиас нийт 10 тамирчин оролцон, 15 медаль хүртлээ. Хүүхдүүдээ нэгдүгээр ангиас нь авхуулаад спорт өрөлт, шоо зэрэг Монголын оюун ухааны академийн бүх сургалтыг сургадгаараа “Язгуур” сургууль онцлогтой.
Спорт өрөлт хүүхдийн баруун, зүүн тархийг хөгжүүлдэг. Сурахад маш амархан, бүх насны хүүхэд хичээллэх боломжтойгоороо онцлогтой спорт” гэв.
ДАШТ-ээс мөнгө, хүрэл медаль хүртсэн З.Сэлэнгэ “Намайг Золоогийн Сэлэнгэ гэдэг. Би 10 настай. Хоёр медаль авсан. Би тэмцээнд олон удаа оролцож байсан болохоор ДАШТ-д сандраагүй. Гэхдээ сандарсан үед “Энэ бол тэмцээн. Дараагийн удаа боломж байгаа юм чинь сандрахгүй оролцъё” гэж бодоод өрсөлдсөн.
Спорт өрөлтөөр зургаа дахь жилдээ хичээллэж байна. Би цэцэрлэгээсээ хичээллэж эхэлсэн. Энэ спортоор хичээллэснээр би өөртөө итгэлтэй болж, хурдтай гэдгээ мэдрэх болсон” гэлээ.
ДАШТ-д өрсөлдсөн Монголын багийн хамгийн ахмад тамирчин нь Д.Гандолгор байлаа. 58 настай тэрбээр зээ хүүгээ спорт өрөлтийн бэлтгэлд зөөсөөр энэ спортод татагдан, хичээллэжээ. ДАШТ-д зээ хүүтэйгээ хамт өрсөлдөн, зургаан медаль хүртсэн Д.Гандолгор “Үнэхээр сэтгэл өндөр байна. ДАШТ-ээс медаль авсан минь хэзээ ч мардагдашгүй сайхан мөч байлаа. Хүн ер нь өөрийгөө голж болдоггүй юм байна.
Би зээ хүүгээ спорт өрөлтийн бэлтгэлд зөөдөг байснаа гэнэт өөрөө дурлаад хичээллэсэн. Илүү амжилт гаргахын төлөө чармайна гэж бодож байна. Би спорт өрөлтөөр хоёр сарын өмнөөс хичээллэсэн. Тэгээд би энэ амжилтад хүрч чадлаа. ДАШТ-д өрсөлдөхдөө финалд шалгарч, гурван медаль хүртсэн. Зээ хүү маань мөн гурван төрөлд медаль авсан. Зээтэйгээ хамт нийт зургаан медаль хүртээд ирлээ.
Монгол Улсаасаа хамгийн ахмад настай нь би байсан. Та бүгдийг энэ спортод дурлаад, хичээллээсэй гэж хүсэж байна” гэлээ.