УИХ-ын гишүүн Т.Аюурсайханыг эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Улмаар түүнийг Хөдөлмөр нийгмийн, хамгааллын сайдаас чөлөөлж, УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь ч түдгэлзүүлээд байгаа юм. Тэгвэл дөнгөж сая түүний төрийн ордон дахь өрөөнд нь хуулийн байгууллагынхан нэгжлэг хийж дууслаа.
Т.Аюурсайханыг үндэслэлгүйгээр хөрөнгөжих, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах зүйл ангиар буруутган шалгаж байгаа юм. Тэрбээр сайдаас чөлөөлөгдөх үеэр УИХ-ын чуулган дээр үг хэлэхдээ “Нүүрсний хэрэгт би ямар ч холбоогүй. Надад үүсгэсэн прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй байна. Гурван сарын турш миний эсрэг зохион байгуулалттай гүтгэлгийг нийгмийн сүлжээгээр тараалаа” хэмээн мэдэгдсэн юм.
Мөн бүрэн эрхийг нь түдгэлзүүлээд буй УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийн гэр болон өрөөг нь нэгжиж байгаа аж. Тэрээр нүүрсний хулгайн гол хэрэгтнээр сэжиглэгдэн шалгагдаж буй юм.