Украины ерөнхийлөгч Владимир Зеленский Украин цэргүүдийн толгойг тасдсан этгээдүүдийг “араатан” хэмээн ээлжит бичлэгээрээ тодорхойллоо. Тухайлбал, энэ үйл явдлын талаарх хоёр ч бичлэг өнгөрсөн долоо хоногт цахим сүлжээнд тархсан байна.
Бичлэгүүдийн тухайд хоёр өөр газар буюу хоорондоо цаг хугацааны хувьд багагүй зайтай байсан гэж эх сурвалжууд мэдээлж байгаа юм. Эхний бичлэг нь 4-р сарын 8-нд Оросыг дэмжигч цахим платформд цацагдсан бөгөөд сүйрсэн цэргийн машины дэргэдэх хоёр Украин цэргийн толгойгүй цогсыг харуулсан талаар хэвлэлүүд хэлж байна.
Түүнчлэн видео бичлэг дээр ярьж байгаа хүний дуу хоолойг танигдахаас сэргийлж өөрчилсөн байжээ. Оросын олон нийтийн мэдээллийн хэрэгслээр энэ бичлэгийг Бахмут хотын ойролцоо авсан гэж мэдээлж байна. Бахмут хотод сүүлийн хэдэн сар талуудын байлдаан ширүүсэж, Оросын талаас тус улсын хувийн батлан хамгаалах байгууллага болох Вагнерын цэргүүд голлон байлдаж байгаа билээ. Украины ерөнхийлөгч уг хэргийг үйлдсэн этгүүдэд хариуцлага тооцно гэдгээ амлаж, “Эдгээр араатнууд хүнийг ямар амархан хөнөөж чадна гэдгээ харуулж байна” гэжээ. Харин Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков энэ бичлэг үнэхээр аймшигтай байсныг хэлсэн ч юун түрүүнд энэ бичлэгийг үнэн эсэхийг шалгах хэрэгтэй гэсэн байна.
SOURCE: CNN