Хүүхдээ хөхүүлнэ, хоолно, гэрээ цэвэрлэнэ, хажуугаар нь бас бус зүйлсээ амжуулна гээд эх хүний ажил амаргүй, барагддаггүй. Өглөөнөөс орой хүртэл борви бохисхийх чөлөөгүй ажиллаж, гэрийнхээ нэг захаас нөгөөг нь хүртэл цэвэрлэн, хүүхдээ асарч, тойглосоор байтал өдөр өнгөрдөг. Тийм завгүй байдаг атал “Гэртээ зүгээр суудаг. Хүүхдээ хараад ажил хийдэггүй” гэж хүүхдээ өсгөж буй эхчүүдийг буруугаар ойлгох, ажлыг нь дутуу үнэлэх хандлага өнөөгийн нийгэмд нэлээд бий.
Тэгвэл сэтгүүлч мэргэжилтэй М.Баярмаа амаржсан болон хүүхдээ өсгөж буй ээжүүддээ туслах, ажлыг нь хөнгөвчлөх, нийгэм дэх үнэлэмжийг нь өсгөх зорилгоор “Happy family”-ийг үүсгэн байгуулжээ. “Бүх хайраа гэр бүлдээ” уриан дор үйл ажиллагаа явуулж буй тэрбээр одоогоор 10 төрлийн бүтээгдэхүүн гаргаж байгаа юм. Дөнгөж төрсөн, бага насны хүүхэдтэй ээжүүд “Happy family”-гийн шөлний бэлдцэнд хамгийн дуртай. 50 грамм усанд хийгээд буцалгаад хэрэглэх боломжтой шөлний бэлдцэнд буталсан шар будаа, хонины шинэ мах, мөөг, хонины гүзээ, 16 цаг чанаж бэлтгэсэн булууны шөл гээд амаржсан эх тэнхрэхэд хэрэгтэй бүхнийг багтаажээ.
М.Баярмаа “Хоёр хүүхдээ гаргаад, зургаан жил өсгөсөн. Зургаан жилийн хугацаанд гал тогоонд хамгийн их цаг өнгөрүүлсэн байсан. Ялангуяа хүүхэд бор хоолонд орж байгаа үед маш их цагийг өнгөрүүлдэг.
Хүүхэд төрүүлж, гэртээ харахаар хүмүүсийн хандлага их өөрчлөгддөг юм байна лээ. Ажлаа хийж байгаад гэнэт гэртээ суухаар наад зах нь гар утас дуугарахаа больчихдог.
Гэртээ сууж, хүүхдээ харж байгаа гэхээр зарим хүний хандлага шал өөр. Хүүхдээ хараад гэртээ байгаа, бүх ажлаа амжуулж байгаа ээжүүдийн нийгэм дэх үнэлэмжийг өсгөхийг хүсдэг.
Гэрийн ажлаа хийн, хоол хийж бэлдээд, хүүхдүүдээ эрүүл хүнсээр хангах үүргээ биелүүлж байгаа ээжүүдийн ажил тийм амар биш гэдгийг нөгөө талаар харуулахыг зорьж байгаа. Тиймээс би энэ бүхнийг эхлүүлсэн юм.
Ээжүүд маань орой гэртээ ирээд махаа гаргаад, өнөөхөө хүлээгээд, хүүхдүүд нь тэнд хоол нэхдэг. Тийм үед, ядаж долоо хоногт нэг удаа бэлэн, чанартай, аятайхан, найдвартай бүтээгдэхүүнээр хоол хийгээд, тэр цагаа өөртөө зарцуулаад, оройны мэдээ үздэг ч юм уу кофе уугаад суух хэчнээн сайхан байдаг гэж санана. Ингээд ярихад энгийн, тийм ч чухал биш юм шиг хэрнээ завгүй ээжүүдэд яг тэр 30 минут их гоё байдаг байхгүй юу.
Би одоогоор 10-аад төрлийн бүтээгдэхүүн хийж байна. Гол онцолж буй бүтээгдэхүүн маань нэрийн шөл. Төрсөн ээжүүдэд зориулж, би өөрөө санаачилж гаргасан бүтээгдэхүүн. Ээжүүд маань төрснийхөө дараа хөхөндөө сүү оруулах гээд маш олон бүтээгдэхүүн хэрэглэдэг. Тэгэх ямар ч шаардлагагүй.
Шар будааг бутлан, ястай махны хамт хийсэн. Ясаа зулгаагаад шүдээ бэхжүүлнэ. Хонины чанасан гүзээ, гурван тамирын шөл бий.
Үүнтэй хамт дагалдуулж энэ шөлийг гаргаж байгаа. Энэ бол үхрийн булууны ясыг 16 цаг буцалгасан. Энэ цагаан мөөгийг Завханы Даянгаас, 1200 км-ээс захиж, хөдөө гэрээс авчирсан. Илүү шим тэжээлтэй, чанарыг нь харгалзаж үзээд Дундговиос шинэ мах авч байгаа. Мөн далайн байцаа хамт бий. Энэ бол манай хамгийн шинэлэг, эрэлттэй бүтээгдэхүүн. Энэ бүтээгдэхүүнээ төрж буй бүх ээжүүддээ өгмөөр санагдаж байгаа. Зөвхөн төрсөн бус ажил ихтэй байгаа хүмүүс ч мөн хаврын ядаргаагаа тайлаад уухад тохиромжтой. Шууд задлаад 50 грамм усанд хийгээд аяга шөл бэлэн болно.
Хүүхдийн нухшийг ямар ч усны нэмэлт бүтээгдэхүүн хийхгүйгээр зөвхөн ногоогоор нь, 100 хувь өтгөнөөр нь бэлдэж байгаа. Одоо хоёр төрлийн бууз хийж байгаа.
Бүтээгдэхүүнтэйгээ хамт ийм хөөрхөн чин сэтгэлийн захиа өгч байгаа. “Төрсөнд баяр хүргэе. Сайхан зүйл бүтээлээ. Аз жаргал хүсье” гээд яг л найз нөхөд, дотны хүмүүс нь чин сэтгэлийн үгтэй захидал илгээсэн юм шиг тийм дотно захиа өгч байгаа. Хэрвээ хэрэглэгчид маань хүсвэл нэмэлтээр цэцэг боолгоод өгч болно. Мөн манайх албан ёсоор оруулж ирдэг компанитай нь хамтраад, хүүхдүүддээ ийм сахаргүй чихэр нэмэлтээр хүргэж байгаа. Хотын А бүсэд бүх хүргэлтээ үнэгүй.
Хоёр хүүхдээ яаж хооллож өнөөдрийг хүрсэн энэ бүх сэтгэлээ, туршлагаа ажилдаа шингээгээд хийдэг. Өөрчлөлт оруулахгүйгээр, хүмүүсийн итгэлийг алдахгүйгээр ажиллана гэж өглөө бүхэн ажилчиддаа аюулгүй ажиллагааны зааврын хамт давхар хэлж байгаа.
Ээжүүдийн ажлыг зөвхөн хоол хийхээр төсөөлж болохгүй. Бид гэрээ цэвэрлэх айхтар том ажилтай. Энэ ажлыг бас хөнгөвчилнө. Тавдугаар сард гэр цэвэрлэгээний үйлчилгээгээ эхлүүлэх гээд айлуудад ашиглах бодисын туршилт хийж байна. Аравдугаар сард “Happy family” нэртэй центрээ нээе гэсэн зорилготой байгаа. Гэр бүлийн гишүүн бүрд зориулсан сэтгэл зүйн төв. Алдагдалтай байсан ч хамаагүй заавал нээнэ, хийнэ гэж зорьж байгаа.
Дөнгөж эхэлж байгаа энэ ажлыг маань маш гоё хүлээж аваад, дэмжиж байгаа бүх хүнд, ялангуяа ээжүүддээ баярлалаа. Эхнэртээ тусалдаг нөхрүүдэд баярлалаа. Цаашид эхнэрийнхээ ажлыг хөнгөвчлөхөд бидэнтэй хамтарч ажиллах юм бол эхнэр нь илүү их жаргалтай, сэтгэл хангалуун байх болно гэж хэлмээр байна” гэлээ.