Засгийн газрын ээлжит хуралдаанаар "Тавантолгой дулааны цахилгаан станц"-ын ажлыг эрчимжүүлэх талаар ярилцжээ.Энэ талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн мэдээллээ.
Тэрбээр, "Тавантолгой дулааны цахилгаан станц"-ын 450 мВт-ын хүчин чадалтай ТЭЗҮ байгаа. Үүнээс эхний ээлжинд 300 мВт-ыг барьж, хэрэглээ тогтворжсоны дараа гурав дахь блок болох 150 мВт-ыг барих төлөвлөгөөтэй байна. Уг дулааны станцын тендерийг түлхүүр гардуулах нөхцөл болон санхүүжилтээ хамтад нь олж ирэх загвараар явуулахаар төлөвлөж байна. Эрдэнэс Тавантолгой санхүүжилтийг нь гаргахад оролцоно. Урьдчилсан тооцооллоор 600 орчим сая ам.доллар болно. Үүний 60 хувийг нь дээрх загвараар явах бол 40 хувийг нь гурван жилийн хугацаатай "Эрдэнэс тавантолгой"-гоос цувуулан санхүүжүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Төслийг гэрээ байгуулснаас хойш 36 сарын дараа ашиглалтад орно хэмээн тооцоолж байна. Зээлийг нь төсөл ашиглалтад орсноос хойш таван жилийн дотор төлж дуусна. Мөн уг станцын үндсэн хэрэглэгч нь "Оюу Толгой" байна.
Эгийн голын цахилгаан станцын тухайд асуудал хүнд байгаа. ОХУ Юнескод гомдол гаргасны улмаас уг төсөл зогссон. Зургаадугаар сарын 14-17-ны өдрүүдэд Санктпетербургт эдийн засгийн форум болно. Намайг ОХУ-ын Засгийн газраас урьсан. Эгийн голын цахилгаан станцын асуудлыг эвийн замаар шийдвэрлэх асуудлыг ОХУ-ын талд тавьсан. Уулзалтын үеэр үр дүн гарах болов уу гэх хүлээлттэй байна" гэлээ.