Төрийн банкны “Эрүүл иргэн” хугацаатай хадгаламжтай, олон улсын төлбөрийн карттай хэрэглэгчид БНСУ-ын “Медичек” оношилгооны төв болон “Саранплас” эмнэлгүүдэд 30 нэр төрлийн оношилгоо, шинжилгээг 20-25 хувийн хөнгөлөлттэй хийлгэх боломжтой боллоо.
Энэ талаар Төрийн Банкны гүйцэтгэх захирал Ө.Гантөр, “Төрийн банк маань төрийн өмчийн оролцоотой хувьцаат компани. Монгол Улсын Засгийн Газраас Төрийн банкийг дундаж давхаргыг дэмжигч банк болгож зарласан. Энэ ажлын хүрээнд бид бүхэн дундаж давхаргыг дэмжин маш олон бүтээгдэхүүн гаргасны нэг нь “Эрүүл иргэн” хугацаатай хадгаламж юм. Энэ хадгаламжинд хэрэглэгч сард 35-50 мянган төгрөгийн хуримтлалыг бий болгож ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийснээр, хөнгөлөлттэй үнээр багц шинжилгээнд орох боломжийг бүрдүүлж байгаа. Дээрээс нь бид бүхэн БНСУ-ын Медичек болон Гуанжу хотын эрүүл мэндийн аялал жуулчлалыг дэмжих төвтэй хамтраад, эмнэлгийн үзлэг, багц шинжилгээнд хамрагдаж байгаа иргэддээ хөнгөлөлттэй багцыг санал болгоно” гэв.
Харин Эрүүл амьдралын жигүүр ТББ-ын гүйцэтгэх Л.Нандинзуд ярихдаа, “Энэ үйлчилгээг эдлэх Солонгост байгаа иргэд маань Төрийн банкны харилцагч байх ёстой. Өөрсдийнхөө хуримтлалыг 3, 6, 12 сарын хугацаатай хуримтлуулснаар Саранплас болон Медичек дээр очин бүтэн биеийн шинжилгээнд хамрагдах бөгөөд, нэмэлт шинжилгээнүүд дээр хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломж олгож байна. Залуу эмч нарын хувьд бид иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох хөтөлбөр маш чухал байгаа. Иргэддээ урьдчилан сэргийлэх үзлэг яагаад чухал юм бэ гэдгийг ойлгуулах сургалт зөвлөгөө өгөөд явж байгаа. Одоо Солонгост байгаа иргэддээ зориулаад контент хийх зэргээр урьдчилан сэргийлэх ажиллагаа чухал гэдгийг ойлгуулах ажил хийж байгаа” гэв.