Цар тахал, хөл хорионы улмаас таван жилийн хугацаанд олон улсын тэмцээнд оролцоогүй Монголын волейболын эмэгтэйчүүдийн шигшээ багийг бүрдүүллээ. Манай тамирчид долоо хоногийн зургаан өдөрт бэлтгэлээ хийж байна. Тэдний эхний оролцох тэмцээн нь энэ сард болох Азийн клубүүдийн аварга. Дараа нь гурван ч тэмцээнд өрсөлдөнө. Шигшээ багт нийт 20 тамирчныг дуудсан. Одоогийн шигшээ багийг 2025 он хүртэл барихаар төлөвлөжээ.
Б.ХЭРЛЭН: ОДООГИЙН ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙГ 2025 ОН ХҮРТЭЛ БАРИНА
Тамирчдын бэлтгэл, сургуулилалтын талаар Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Хэрлэн “Шигшээ багт нийт 20 тамирчныг сонгосон. Одоо яг 17 тамирчин бэлтгэл сургуулилалтаа хангаж байна. Бид тамирчдыг клуб, клубээс нь шигшиж авсан. Тамирчдын бэлтгэл, сургуулилалтыг долоо хоногийн зургаан өдөр хийлгэж байна. Гурван өдөр нь хөнгөн, фитнесийн бэлтгэлтэй. Гурван өдөр нь бөмбөгтэй бэлтгэл хийн, багийн тактик дээр анхаарч байгаа. Энэ шигшээ багийг 2025 он хүртэл барина гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Одоо оролцох тэмцээнүүд бүгд чухал. Ямар ч байсан эмэгтэй багаараа Азиас медаль авах зорилготой байна” гэв.
Л.ХОСБАЯР: ОРОЛЦОХ ТЭМЦЭЭНҮҮДЭЭС МАНАЙ БАГИЙНХАН ИХ ЗҮЙЛ СУРНА
Үндэсний шигшээ багийн ахлагч Л.Хосбаяр “Азийн клубүүдийн аварга чансаа өндөр тэмцээн. Улс, улсынхаа дээд лигт түрүүлсэн, эхний гурван байрт шалгарсан, өндөр түвшний легионеруудтай багуудтай тоглоно. Бид зургаадугаар сарын тэмцээнд медалийн төлөө өрсөлдөх боломжтой гэж харж байгаа. Клубүүдийн аваргаар өөрсдийгөө ямар хэмжээнд байгаагаа мэдэх боломжтой, учраа багуудаа мэдээж хожихыг хичээнэ.
Ер нь энэ тэмцээнээр бүх тамирчин их зүйл суралцах байх. Яагаад гэвэл манай багийн дийлэнх нь залуу тамирчид. Олонх нь шигшээ багт анх удаа багтсан. Тэгэхээр манай охидууд зөндөө их зүйл сураад ирэх байх гэж бодож байна. Байж болох хамгийн сайнаараа хичээгээд тоглоно доо” гэлээ.
Г.ХОНГОРЗУЛ: ШИГШЭЭ БАГТ ТОГЛОХООР ҮНЭХЭЭР ОМОГШДОГ
Г.Хонгорзул “Би шигшээ багт хамгийн сүүлд 2016 онд дуудагдсан. Тэр үед нас бага, эгч нарынхаа удирдлагад явдаг байсан. Одоо багийнхаа туршлагатай тамирчдын нэг болсон байна. Манай шигшээ залуу баг. Залуу бүрэлдэхүүнтэй учраас их эрч хүчтэй байгаа.
Би 2015 онд Азийн наадамд, Зүүн Азийн элсний волейболын тэмцээнд, 2016 онд Зүүн Азийн аваргад оролцож байсан. Энэ удаагийнх дөрөв дэх нь.
Шигшээ багт тоглохоор үнэхээр омогшдог. Энгэр дэх Төрийн далбаагаа харахаар л хайр хүрээд, аймар гоё санагддаг.
Одоо дөрөвдүгээр сарын 25-нд Азийн клубүүдийн аваргад, зургаадугаар сард Азийн “Challenger cup”-т, есдүгээр сард Азийн наадам, Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор төлөвлөсөн байгаа.
Монгол Улсын эмэгтэй волейболчид 2018 оноос хойш олон улсын тэмцээнд оролцоогүй. Бид олон улсын тэмцээнд таван жилийн дараа өрсөлдөнө. Мэдээж медаль авахыг хүсэж байна. Өөрсдийгөө сорих, өөрсдийнхөө зиндааг мэдэх, мэдээж өмнөх амжилтаа ахиулах зорилготой байна” хэмээв.