ДБЭТ-ын дуучин Г.Энхнаран “Bella Serata” анхны бие даасан тоглолтоо үзэгч олондоо толилуулах гэж байна. Тэрээр СУИС-ийн дуулаачийн ангийг төгсөж, улмаар ОХУ-д магистрын ангиа дуурийн чиглэлээр дүүргэсэн, ДБЭТ-ын залуу уран бүтээлчдийн нэг. Г.Энхнаран сүүлийн жилүүдэд нийтийн дууны урлагт цөөнгүй бүтээл туурвиж “Ганцхан чамдаа”, “Ээждээ захидал бичээрэй” зэрэг олон сайхан уран бүтээлээр үзэгчдэд өөрийгөө таниулж чадсан юм. Харин тэр одоо өөрийгөө шинэ өнцгөөс нээж, Монгол улсын дуурийн театрын эрхэмсэг, өндөр босготой тайзан дээр анхны тоглолтоо өргөн барих гэж байна. Тэрээр анхны тоглолтоо тэсэн ядан хүлээж, догдолж, мөн ихэд хичээж буй тухайгаа бидэнтэй хуваалцсан юм. Ингээд түүний яриаг хүргэе.
“ДУУЧДЫН ДУУЧИН БОЛОХЫГ ХҮССЭН”
Анх дуучин болохоор СУИС-д элсэж байлаа. Төгссөнийхөө дараа “Дуучдын дуучин болъё” гэж шийдээд Москвад үргэлжлүүлж сурахаар явсан. Мэргэжлийн дуурийн дуучин болж ажиллаад, юу сурсан, ямар хэмжээнд явж байгаагаа үнэлүүлж дүгнүүлэхээр анхны тоглолт хийх шийдвэрийг зориглон гаргалаа. Тоглолтын маань нэр “Bella Serata”. Энэ нь Италиар сайхан үдэш гэсэн утгатай үг. Энгийн бүхнээс эрхэмсэг оршдог шүү дээ. Тиймээс эгэл жирийн нэр өгье гэж шийдсэн юм. Ер нь сопран хоолойтой хүмүүсийн мөрөөдлийн дүрүүд гэж бий. Тэр дүрүүдийг сонгодог үдшийн тоглолтоороо хамгийн сайнаар амилуулахыг хичээж байна.
“ДУУРЬ БОЛ ХҮНИЙ АМЬДРАЛЫН ТҮҮХ”
Г.Энхнаран бол өсөх ирээдүйтэй дуучин хэмээн түүний багш нь тодорхойлж байна. Тэрбээр “Дуурийн урлаг Европод 300-400 жилийн түүхтэй. Харин манай улсад хөгжөөд 60 жил болж байна. Дуурийн үйл явдал гэдэг хүний амьдралын түүх. Хүний амьдралаас ургасан түүх, зохиолоос бүтсэн байдаг. Дуурийн дуучин маш сайн хоолойтой байх ёстой. Хоёрдугаарт маш сайн жүжигчин байдаг юм.. Маш олон талын мэдлэгтэй байх ёстой. Үүнд болон хэлний мэдлэг багтана.
2018,2019 оны үед Москвад магистр зэрэг хамгаалсан хүүхдүүд ажиллахаар ирсэн юм. Тэдний нэг нь манай Энхнаран байсан. Манай шавь сопран хоолойтой. Энэ дундаа нэлээн дээд сопран хоолойтой дуучин. Энхнаран цаашид сайхан цараатай хоолойтой, ирээдүйтэй сайхан дуучин болж өснө. Ингэж өсөхийн тулд дуучин хүнд маш их хөдөлмөр хэрэгтэй. Энэ тоглолтоороо өөрийгөө таниулж, цаашид өсөх боломжоо олж авна гэдэгт итгэлтэй байна. Нэг ёсондоо шалгалт өгч, би ийм зэрэгтэй дуучин болж яваа шүү гэдгээ үзэгч олондоо харуулах гэж байна шүү дээ.
“ДУУРИАС ГАДНА ПОП ОПЕРА ЧИГЛЭЛИЙН ДУУНУУДЫГ Ч ДУУЛНА”
Тэр үдэш тайзан дээр гараад, намайг гээд зориод ирсэн хүмүүст өөрийгөө тайлагнана гэхээр маш гоё санагдаж байна. Намайг арай өөр өнцгөөс харах болов уу. Тиймээс бүх хүчээ дайчилна. Тиймээс ч бэлтгэлээ шаргуу хийж байна. Өглөө ажилдаа ирээд л төгөлдөр хууртай, гаммаа уншаад л хоолойгоо халаадаг. Бид нар чинь яг тамирчидтай адилхан шүү дээ.
Би бас поп опера чиглэлд сонирхолтой. Өөрийнхөө сонсох, дуулах дуртай дуунуудыг дуулж өөрийгөө сорьж үзье гэж бодож байгаа. Тоглолт дээр маань поп оркестр, симфони оркестр хоёулаа байна. Би өмнө нь маш олон сайхан нийтийн дуу зөндөө дуулсан. Тоглолтондоо Бодлын цагаан хун дуугаа дуулна. Ардын жүжигчин А.Долгор багш маань оролцоно. Дотроо их сандарч байна. Гэхдээ тоглолтон дээрээ хэзээ ч сандарч байгаагүй юм шиг инээгээд гарч ирж дуулна. Алдаа оноотой минь хайрлаарай. Та бүхэн минь надад урам хайрлаарай. Цааш алхах гүүр минь болоосой гэж хүсэж байна. Анхны тоглолтыг минь та бүхэн тосоод аваарай гэж хэлмээр байна. Та бүхнийгээ урьж байна аа.
Видеог дээрээс үзнэ үү.