Аливаа улс орны Сонгуулийн удирдлагын байгууллага нь сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны талаар олон нийтэд үнэн зөв, бодитой мэдээллийг тогтмол өгч, сонгогчдод сонгуулийн боловсрол олгох үйл ажиллагааг өргөн хүрээнд тогтмол явуулах чиг үүрэгтэй байдаг.
Сонгуулиас сонгуулийн хооронд сонгогчдын ирц, оролцоо тогтмол буурч байгаа шалтгааныг судалж, сонгууль бүх нийтийн байх зарчмын хэрэгжилтийг хангахад шаардлагатай арга хэмжээ авах асуудлаар Сонгуулийн ерөнхий хороо тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Ард нийтийн санал асуулга, сонгуулийн хууль тогтоомжийг нийтэд тайлбарлан таниулах, сонгогчдын боловсролыг дээшлүүлэх сургалт явуулах, сонгогчдыг мэдээллээр хангах бүрэн эрхийнхээ хүрээнд “Хариуцлагатай сонгогч” бэлтгэх хөтөлбөрийг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж, 2022 онд аймаг, дүүрэгт сонгуулийн боловсрол олгох тус бүр 2, нийт 60 гаруй сургагч багш бэлтгэн, томилсон бол энэ сарын 03–08-нд шинээр 50 гаруй сургагч багшийг бэлтгэж, өнөөдөр сургагч багшийн үнэмлэх, томилсон шийдвэрийг гардууллаа.
Эдгээр сургагч багш нар иргэдэд сонгох, сонгогдох эрх чөлөөний талаарх ойлголт мэдлэг олгохоос гадна хариуцлагатай сонгогч бэлтгэх сургалтуудыг явуулах юм. Өнгөрсөн онд анх удаа бэлтгэгдэн томилогдсон 60 гаруй сургагч багш улсын хэмжээнд 1500 гаруй залуу сонгогчид сургалт явуулсан байна.
Эх сурвалж: Сонгуулийн Ерөнхий хороо