Арьс ширний үйлдвэрүүдийг Улаанбаатар хотоос нүүлгэн шилжүүлэх гэж буй. Энэ хүрээнд нийслэлд үйл ажиллагаа явуулдаг “Булигаар” ХК, “Бест шүес” ХХК-ийн үйлдвэрт УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүд очиж, нөхцөл байдалтай нь танилцжээ.
Монголын Арьс ширний үйлдвэрлэлийн холбооны гүйцэтгэх захирал Т.Баярсайхан “Бид өнөөдөр зөвхөн арьс, шир л боловсруулж байна. Арьснаас маш олон төрлийн түүхий эд гардаг. Арьсан бүтээгдэхүүнээс гадна цавуу, саван болон төрөл бүрийн бордоо үйлдвэрлэх боломж бий. Гэвч үйлдвэрээ өргөжүүлэх газар байхгүй. Үйлдвэрүүдийг “Эмээлт эко” парк руу нүүлгэх гэж байгаа нь маш зөв шийдвэр болсон.
Төрөөс “Эмээлт эко” паркийн дэд бүтцийг бүрэн шийдчихвэл бид өнөөдөр ч нүүхэд бэлэн. Нүүсний дараа үйлдвэрээ өргөжүүлж олон төрлийн бүтээгдэхүүн гаргах кластер маягаар үйлдвэрүүдээ хөгжүүлэх, цаашлаад олон улсад ч өрсөлдөх боломж бий” гэв.
Түүнчлэн арьс ширний үйлдвэрүүдэд тулгамдаад буй бас нэг асуудал нь үйлдвэрт ирж буй арьс стандартад нийцдэггүй, маш их гэмтэлтэй байдаг гэнэ. Малын гаралтай халдварт өвчин, нядалгааны үеийн механик гэмтэл зэргээс нийт ирж буй арьсны 30-50 хувь нь стандартын шаардлага хангадаггүй юм байна. Тиймээс малын эрүүл мэндэд анхаарах, стандартын шаардлага хангасан нядалгааны газартай болох нь зүйтэй гэдгийг тус үйлдвэрийн удирдлагууд хэлж байв.
2012 онд УИХ-ын 74 дүгээр тогтоолоор Арьс шир боловсруулах үйлдвэрүүдийг үе шаттай нүүлгэхээр болсон. Үүнээс хойш 10 орчим жил арьс шир боловсруулах үйлдвэрүүд хэзээ нүүхээс шалтгаалан үйл ажиллагаагаа өргөжүүлэхгүйгээр хүлээлтийн байдалд орсон гэдгээ “Булигаар” ХК үйлдвэрийн удирдлагууд илэрхийлэв.
Гутлын үйлдвэрийн хувьд төрийн худалдан авалтаар дэмжих, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд өөрчлөлт оруулж, шударга өрсөлдөх боломжийг бий болгож өгөхийг хүсэж байсан юм.
Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Т.Энхтүвшин “Үйлдвэрлэгчид “Эмээлтийн эко” парк руу нүүхэд бэлэн байгаагаа илэрхийлж байна. Үүний тулд дэд бүтцийн асуудлыг яаралтай шийдвэрлэхийг үйлдвэрлэгчид санал нэгтэйгээр хэллээ. Бид энэ тал дээр мөн асуудал урт хугацаа, бага хүүтэй зээлийг шийдвэрлэж өгөхийг хүслээ. Энэ тал дээр мөн анхааран ажиллана” гэдгээ мэдэгдлээ.
Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар