Дөрөвдүгээр сарын 1-нд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин цэргийн албанд 147 мянган хүн элсүүлэх зарлигт гарын үсэг зурснаар жил бүрийн хаврын цэрэг татлага эхэлсэн. Энэ нь өмнөх жилүүдийнхээс дунджаар 8 орчим хувиар илүү байгаа юм. Жишээлбэл, 2022 оны хавар энэ тоо 134,500 байсан. Энэ жилийн хаврын цэрэг татлагатай холбогдуулан олон залуусыг гэрээгээр цэргийн алба хаахыг ятгах зорилготой маркетингийн ажил мөн өрнөж байгааг хэвлэлүүд онцолж байна.
Тухайлбал, Bloomberg агентлагийн мэдээлснээр, Оросын арми Украины эсрэг дайнд явуулахын тулд 400 мянга орчим шинэ гэрээт цэрэг элсүүлэхээр зорьж байгаа гэсэн юм. Харин ОХУ-ын Батлан хамгаалах яам тус улс дахин цэргийн дайчилгаа явуулахаар төлөвлөж байна гэсэн цуурхал, мэдээллийг няцаасан байна.
Жанжин штабын зохион байгуулалт, дайчилгааны ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгч Владимир Цимлянский "Манай ерөнхий штаб хоёр дахь цэрэг дайчилгааны ажил хийхээр төлөвлөөгүй байна. Аль хэдийн цэрэгт татагдсан болон тусгай ажиллагаанд сайн дураараа оролцсон хүмүүсийн тоо хангалттай" гэж мэдэгджээ.
Эх сурвалж: DW