Ираны эрх баригчид нүүрээ ил гаргасан эмэгтэйчүүдийг илрүүлэхийн тулд олон нийтийн газар камер суурилуулж эхэлсэн тухай цагдаагийн газраас мэдэгдлээ. Ингэснээр үс, нүүрээ далдлаагүй эмэгтэйчүүд рүү "үр дагаврын талаар сэрэмжлүүлэг мессеж илгээнэ" гэж цагдаагийн албан хаагчид мэдээлсэн байна. Тодруулбал энэ системээр дамжуулж "хижабын хуулийг эсэргүүцэхээс сэргийлнэ" гэж үзэж буйгаа эрх баригчид хэлжээ.
Хижабын дүрэм зөрчсөн буюу буруу зүүсэн гэх хэргээр баривчлагдсан курд бүсгүй Махса Амини өнгөрсөн жилийн есдүгээр сард цагдаа нарт баривчлагдсан байхдаа нас барснаас болж Иран даяар эсэргүүцлийн жагсаал өрнөсөн. Энэ үйл явдлаас болж баривчлагдах эрсдэлтэй байсан ч эсэргүүцэх эмэгтэйчүүдийн тоо улам бүр нэмэгдэж, ялангуяа томоохон хотуудад гивлүүрээ хаях явдал ихэссэн юм. 1979 оны Исламын хувьсгалаас хойш эмэгтэйчүүдийг үсээ хижабаар далдлахыг хуулиар шаарддаг болсон байдаг. Хууль зөрчсөн тохиолдолд эмэгтэйчүүдийг торгууль эсвэл баривчилгаа гэсэн хоёр үр дагавар хүлээдэг болсон юм. Өнгөрсөн амралтын өдрүүдээр гаргасан цагдаагийн энэхүү мэдэгдэлд толгойн гивлүүрийг "Иран үндэстний соёл иргэншлийн суурийн нэг" гэж тодорхойлж, бизнес эрхлэгчдийг хүртэл "хүчтэй хяналт шалгалтаар" дүрэм журмыг сахин биелүүлэхийг уриалжээ.
Иранд гивлүүрээ зүүгээгүй эмэгтэйчүүд рүү олон нийт дайрах явдал мөн ихэссэнийг гадны хэвлэлүүд мэдээлж байгаа. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт нэгэн эрэгтэй нүүрээ ил гаргасан хоёр эмэгтэй рүү тараг шидэж байгаа бичлэг цахим ертөнцөд тархаж, улмаар эмэгтэйчүүдийг хижабын хуулийн дагуу баривчилсан юм. Тухайн эрийг мөн баривчилсан байна.
Эх сурвалж: BBC