Дуучин Тэйлор Свифт 2016 оноос хойш Английн жүжигчин Жо Алвинтай үерхсэн юм. Хосуудын харилцаа олны нүднээс далд байсан бөгөөд тэдний салалт ч элдэв маргаангүй өнгөрсөн гэдгийг энтертаймент салбарын тухай мэдээлдэг хамгийн том хэвлэл болох ET мэдээлжээ. Жо Алвин нь жүжигчин Эмма Стоуны хамт “The Favourite” болон “Conversations with friends” зэрэг кинонд тоглосноороо алдартай. Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд хосууд харилцаагаа “маш” хувийн байлгасан ч Тэйлор Свифтийн Нетфликстэй хамтарсан баримтат кино болон сүүлийн таван цомгийнх нь дуунууд түүнтэй холбоотой байсан билээ. Түүнчлэн Тэйлор Свифт 2021 онд Греммийн шагнал гардуулах ёслолоос “Шилдэг цомог” гэсэн шагнал авсан нь найз залуугийнх нь шагнал мөн болсон юм. Учир нь тэрээр “Folklore” цомгийнх нь хамтарсан продюсерээр ажиллаж байсан байна. Хосууд аль аль нь харилцааныхаа талаар дэлгэрэнгүй ярилцлага өгөхөөс зайлсхийдэг байсан ба тодорхой зааг үүсгэх нь өөрсдөд нь амар байсан талаар илэрхийлдэг байсан. Дуучин бүсгүйн “Lover”, “Lavender Haze” тэргүүтэй олон дуу Жо Алвины тухай бөгөөд тэдний харилцаа ямар тайван, тухтай, хайраар дүүрэн байсныг илтгэдэг билээ. Одоогоор аль аль талаас энэ талаар мэдээлэл өгөөгүй байна.
SOURCE: BILLBOARD