Blackpink хамтлагийн Жисүү сэтгэл зүйн эрүүл мэнд, соло уран бүтээлийнхээ талаар ярилцжээ.
Саяхан өөрийн анхны соло уран бүтээлийг цацсан Blackpink хамтлагийн гишүүн Жисү Rolling Stone-д жилийн өмнө тэр бүр дэлгэж байгаагүй сэдвүүдийн талаар ярилцаж байсныг уншигч та бүхэнд орчуулан хүргэж байна. Түүний анхны ганцаарчилсан уран бүтээл “Flower” нь Youtube дээр есөн хоногийн өмнө цацагдаж, 100 сая хандалтыг даваад байгаа юм.
Та их жижиг хотод төрж, өссөн байна шүү дээ. Эндээс Blackpink хамтлагийн гишүүн болж, дэлхийн хүн болжээ. Энэ нь таны амьдралыг харах өнцөгт нөлөөлсөн үү?
Тийм ч их биш ээ. Ээж, аав минь надаар бахархдаг ч би дэлхийн хэмжээний од шиг мэдрэмж надад төрдөггүй. Найзуудтайгаа хамт гарья гэхээр тэд “Чи чинь Blackpink ш дээ, хамаагүй гадуур явж болох юм уу” гэх мэт асуулт байнга тавьдаг. Миний хувьд би анх хэн байсан, одоо яг л хэвээрээ. Нийгмийн статус минь өөрчлөгдсөн байж болох ч Жисү бол Жисү шүү дээ.
Дуу хөгжим бүтээхийн юунд нь та хамгийн их дуртай вэ?
Бид бэлэн болсон дууг шууд дуулдаггүй. Бид анхнаасаа дуу бүтээх үйл явцад оролцож, өөрсдийн санал бодлоо хэлж, энэ бүхний үндсэн дээр дуу маань бүтдэг. Тиймээс ч их бахархах мэдрэмж төрдөг. Хэрэв бид бүх юм нь болчихсон бэлэн дууг дуулвал энэ нь их механик зүйл болчихно л доо. Дуу бүтээх үйл явцад нь оролцож “Энэ хэсэгт нь ийм үг нэмье, бүжгийг нь ингэж өөрчилье” гэх мэтээр оролцох нь өөрөө хамгийн гоё хэсэг нь байдаг.
Та багадаа том болоод ямар хүн болохыг хүсдэг байсан бэ?
Би алдартан болохыг мөрөөддөггүй байсан. Надад хийхийг хүссэн онцгой зүйл байгаагүй: “Би ирээдүйд юу хийх вэ? Би хийхийг хүссэн зүйлээ олох болов уу?" Би багаасаа л мөрөөдөлдөө үнэнч, тэр зорилго руу гаа шийдэмгий хүмүүсийг биширдэг байсан. Миний хувьд аливаа зүйлд дурлах хугацаа нэлээд богино байсан. Би амархан уйддаг. Жишээлбэл, дасгал хийх үед таны бие өөрчлөгдөөгүй зогсонги байдалд ордог бөгөөд хэрэв та үүнийг тэвчих юм бол таны бие илүү сайнаар өөрчлөгддөг. Би эдгээр зогсонги үеийг тэсвэрлэхдээ тийм ч сайн биш. Тиймээс би үүнийг даван туулж, илүү өндөрт гарч чаддаг хүмүүсийг үргэлж биширдэг байсан.
Та Blackpink-ийн гишүүн болсноороо тэр зорилгоо олж чадсан уу?
Би бууж өгөхөөс татгалзаж чадсан болохоор энэ хүртэл явсан гэж бодож байна. Хамгийн анх хамтлаг болох бэлтгэлийн үеэр маш олон хүүхэд шантарч, замын дундаас буцсан. Харин би шантарсан үедээ өөрийгөө зоригжуулж, тэсэж чадсан болохоор л энд ирсэн гэж боддог доо.
Танд Blackpink-ээс өөр зорилго байдаг уу? Илүү нарийн зорилго гэх юм уу даа. Учир нь таныг хүмүүс Blackpink гэдгээр нь илүүтэй мэднэ шүү дээ?
Яг тийм. Гэхдээ би одоо хүртэл сайн мэдэхгүй л байна. Би яг юунд дуртай хүн бэ гэж өдөр бүр боддог. Би уран бүтээл хийх, хүмүүст үзүүлэх дуртай. Гэсэн ч энэ нь би байнга олны нүдэнд байх дуртай гэсэн үг биш ээ. Бусад гишүүдийн хувьд арай өөр. Тэд биднийг харахаар ирсэн хүмүүсээс эрч хүч авч, тайз дуусч, нам гүм болоход бага зэрэг гутарч, анхаарлын төвд байх дуртай. Хоосон мэдрэмж төрдөг гэсэн үг л дээ. Эдгээр бүх мэдрэмжүүд нь ажлын зайлшгүй хэсэг гэдгийг онцлох хэрэгтэй. Харин би арай өөр. Тайзан дээр гарахдаа алдаа гаргахгүй байх талаар илүүтэй боддог. Тоглолт миний хувьд үнэхээр хөгжилтэй, сайхан зүйл гэхээсээ илүү шалгалт шиг л санагддаг. Биднийг 2019 онд Coachella-д тоглож байхад миний нуруу маш их өвдөж байсан. Орой болгон өвдөлт намдаах эм уудаг байсан. Би суугаад үзүүлбэр үзүүлэхийг хүссэн. Гэхдээ миний бардам зан надад суухыг зөвшөөрөөгүй. Энэ нь "Би энэ тайзанд маш их хайртай" учраас бус, миний хариуцлага, үүргийн мэдрэмж илүү хүчтэй байсныг илтгэсэн юм болов уу даа.
Ким Жисү нь хамтлагийнхаа хамгийн ахмад нь бөгөөд Blackpink хамтлагийн Нэтфликстэй хамтарсан баримтат кинонд хамтлагийн гишүүд түүнийг “огт уйлж байгаагүй” гэж тодорхойлж байсан юм. Хамгийн төлөв, хөгжилтэй гэх тодотголыг авсан тэрээр Dior брэндийн албан ёсны төлөөлөгчөөр мөн ажилладаг билээ.
SOURCE: ROLLING STONE