Хэдхэн хоногийн өмнө Сингапурт болсон сагсан бөмбөгийн 3х3 төрлийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын баг түрүүлж, аваргын цом өргөсөн билээ. Ингэснээр манай тамирчид 2017 орд гаргасан амжилтаа давтан, Азийн хошой аварга болсон юм. Үүний сацуу Монголын багийн ахлагч Даваасамбуугийн Дэлгэрням Азийн АШТ-ий MVP буюу үнэ цэнтэй тоглогчоор тодорч, бэлгэдлийн багт багтсан нь манай тамирчдын амжилт, ур чадвар дэлхийн хэмжээнд хүрснийг дахин нотолж харууллаа. Үндэсний шигшээ баг, “Тэнүүн Өлзий металл” багийн тоглогч Д.Дэлгэрнямтай ярилцлаа.
Тэрбээр “Азийн хошой аварга болсондоо маш их баяртай байна. Бид 2017 онд эх орондоо болсон Азийн аваргад түрүүлж байсан. 2023 онд Сингапур улсад болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд амжилтаа баталж, хоёр дахиа түрүүллээ.
Энэ жил Э.Дөлгөөн бид хоёр дээр А.Ананд, О.Энхбаатар хоёр нэмэгдсэн. Залуу хоёр тамирчнаар хүчээ зузаатгаад оролцлоо.
2017 онд Монголд болсон Азийн аваргын алтан медалийн төлөө Шинэ Зеландтай тоглоход Г.Цэнгүүнбаяр маань эцсийн мөчид холын зайнаас алдаатай оруулаад хожиж байсан. Тэр түүх 2023 онд давтагдлаа. А.Ананд маань хоёр онооны шидэлтийг амжилттай гүйцэтгэн, торгуулийн шидэлтээ оруулаад хожлоо.
Холын зайн шидэлтээ амжилттай болгоход нь А.Ананд дээр очоод хамгийн түрүүнд “За тайван байна шүү. Одоо нэг шидэлт байгаа шүү” гэж хэлсэн. Яагаад гэвэл торгуулийн шидэлтээ хийж байж л манайх хожих байлаа.
Ер нь ямар ч спортод сүүлийн шүгэл дуугарсны дараа л хожлоо гэж бодох хэрэгтэй. Бид өмнөх жил Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохдоо Филиппиний багийг 20:18-аар хожиж байгаад хожигдсон . Тийм гашуун туршлага байгаа.
Бид дээд лигийн тэмцээн дээр төрийн дууллаа үргэлж сонсдог. Олон орны хүчтэй багуудтай өрсөлдөн, тэр өрсөлдөөн дундаас гарч ирэн, Азийн аварга болоод Төрийн дууллаа эгшиглүүлээд зогсох үнэхээр гайхамшигтай сайхан байлаа. Хөгжилтэй зүйл гэвэл, А.Ананд маань төрийн дууллаа жаахан түрүүлж дуулсан (инээв).
Үүргээ маш сайн гүйцэтгэсэн тамирчинд MVP шагнал олгодог гэж би боддог. Азийн аваргад оролцохдоо багтаа маш сайн туслаад, үүргээ сайн гүйцэтгэсэн болохоор л энэ шагналыг надад өгсөн гэж бодож байна. Би энэ жилийн Азийн аваргад өрсөлдөхдөө 31 оноо авч, самбараас 27 бөмбөг авлаа. Нэг тоглолтод 6-7 оноо дунджиллаа.
Тамирчин бүхэнд өөрийн гэсэн характер бий. Би өрсөлдөгчөө их хүндэлдэг. Адилхан л хөлс, хүчээ гаргаж амжилтын төлөө зүтгэж байгаа учраас тэр. Тиймээс аль болох эрүүл, зөв, шударга өрсөлдөхийг чухалчилдаг. “Битгий бэртээсэй. Эвгүй гишгэчих вий дээ” гэж боддог. Энэ талаасаа залуу үедээ үлгэрлэхийг, үеийнхэндээ туслахыг, ахмад тамирчдаасаа суралцахыг хичээдэг.
Дээд лигийн хагас шигшээд манай баг “Zavkhan brothers”-тай өрсөлдөж байгаа. Өмнөх тоглолтын үеэр манай багийн Блэйк, “Brothers”-ын Д.Мөнхтүвшин хоёрын хооронд үл ойлголцол үүссэн. Тамирчин хүн шатаад, огцом уурласан үедээ ямар ч үйлдэл хийх эрсдэлтэй. Д.Мөнхтүвшин бид хоёр Монгол Улсын шигшээ багт цуг тоглодог. Найзыгаа битгий буруу үйлдэл хийчхээсэй гэсэндээ үйлдлийг нь таслан зогсоон, талбайгаас өргөөд гаргасан.
Би 2008 онд ШУТИС-ийн “Шаркс” багт анх орсон. Түүнээс хойш өнөөг хүртэл мэргэжлийн түвшинд тоглож байна.
Цаашдын зорилго мэдээж юуны түрүүнд дээд лигт амжилттай оролцох. Одоо манай 3х3-ын улирал эхэлж байна. 3х3-ын тэмцээнүүдэд амжилттай өрсөлдөх, олимпын эрхийн авах нь миний ойрын зорилго. Цаашлаад олимпоос медаль авах, түрүүлэхийн төлөө зүтгэнэ. Намайг дэмждэг гэр бүлдээ, багийнхандаа, бүх хүнд баярлалаа” гэв.