Өнгөрсөн нэгдүгээр сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлэгийн эмч нар үзүүлэхээр очсон гурван настай охиныг буруу оношилсноос үүдэж, охин долоо хоногийн дараа нас баржээ.Улмаар талийгч охины аав Г.Энхбилэг гомдолтой байгаагаа илэрхийлж, эмнэлэг болон эмч нарт хариуцлага тооцох хэрэгтэй гэж үзэж байна.
Тэрбээр, “Охин минь эмчилгээ хийлгэж эхэлснээс хойш дөрвөн өдрийн дараа бие нь эрс муудаж, хэвтэрт орсон. Гэтэл эмч нар хүүхэд чинь анх ирэхдээ хэвтэрт орсон, муу ирсэн гэж байна. Өглөө гэрээсээ гараад БГД-ийн Нэгдсэн эмнэлэг рүү явах үеийн камерын бичлэг байгаа. Охин минь аавдаа тэврүүлээд зүгээр очсон. Өнгөрсөн нэгдүгээр сарын 13-ны өдөр бие нь муудаж эрчимт эмчилгээний тасаг руу хэвттэл ээлжийн эмч орж хальт үзчихээд л яваад өгсөн. Орой нь хүүхдийн маань бие муудаад байна гээд хэлэхэд ээлжиндээ байхгүй байв. Тэгээд тасгийн эрхлэгчийг нь дуудаад хүүхэд үздэг эмч байна уу гэж үзүүлтэл антибиотик нь солигдсон ажиглана гэсэн. Маргааш нь буюу 14-ны орой сувилагч тариа хийх үед охины маань бие хавантай байсан. Цусны шинжилгээ авахад манай охиноос цус гарахгүй сувилагч нь гарыг нь мушгин цус гаргасан.
Эмчлэгч эмч нь хэлэхдээ "Монголд байдаг 5,4,3 дах антибиотикуудыг хийсэн. Муудаад байвал хоёр дах антибиотик руу орно. Гэхдээ танай охин цус алдах магадлалтай болсон байна" гэсэн. Энэ эмнэлгээс үр дүн гарахгүй нь гэж мэдээд Эх нялхас руу явья гэхээр явуулаагүй. Учир нь үйлчлүүлсэн иргэдийнхээ тоогоор тооцдог болсон санхүүжилттэй холбож хардаг болчихсон. Бүх юм буруу тогтолцоотой, эмч нараа буруу удирддаг. Эрүүл мэндийн газар өгсөн хүсэлт гомдлын хариу “багаар ажиллаж чадаагүй” гэж дүгнэсэн. Мэргэжлийн бус эмч нар амилуулах эмчилгээ хийсэн. Мөн задлан хийхдээ мэдэгдээгүй, дараа нь манай эмч хариуцлагагүй ханджээ уучлаарай гээд ярьсан. Камерийн бичлэг шүүж өгөөч гэхээр БГД-ийн эмнэлгийн дарга н.Балдандугар “Манай камер бичлэг хийдэггүй” гэж хэлсэн байсан. Эмгэг судлалын хариуг болохоор манай хүүхдийг суурь өвчтэй, хэл ярианы хоцрогдолтой гэх мэтээр нийцэхгүй дүгнэлт гаргасан. Энэ мэтээр өнгөрсөн өвөл зургаан хүүхэд өнгөрсөн байдаг. Дараа нь манай хамаатны хүүхэд хэвтэхэд бас оношилж чадахгүй миний охинд хийсэн тариануудаа хийж эхэлсэн. Тэгээд бид хоёр бушуухан хүүхдээ аваад наанаасаа гар гээд өөр эмнэлэгт очоод зүгээр болсон. Намайг гурван удаа хүүхдээ аваад гарья гэхэд явуулаагүй. Одоо бодоход хүүхдээ шүүрч аваад дураараа гараад явсан бол өнөөдөр миний охин амьд сэрүүн эгч, дүүтэйгээ тоглоод явж байгаа. Ийм эмнэлэг яаж энэ дүүргийн олон мянган хүүхдийн эрүүл мэндийг хариуцаж ажиллах юм бэ. Би цаашдаа энэ асуудлаар хөлөө хүрэх газар бүр рүү явна. Төрийн гурван өндөрлөгт ч хандана” гэлээ.