Өчигдөр шүүхээс Консул асан Д.Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 4 зүйлчлэлд гэм буруутайд тооцон 3,7 сая төгрөгийн торгууль ноогдуулж, нийтийн албанд ажиллах эрхийг 5 жилээр хасаж, 3 жил 10 сарын хорих ял оноолоо. Мөн түүнийг улсад 82 сая төгрөгийн онц ноцтой хохирол учруулсан, бусдад хахууль өгөх замаар 10 сая төгрөг олж авсан буюу нийт 92 сая төгрөгийг буцаан төлүүлж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн.
Буруутгасан үндэслэлүүд:
- БНХАУ-ын Хөх хот дахь Ерөнхий Консулоор ажиллах хугацаандаа БНХАУ-ын иргэнтэй түрээсийн гэрээ байгуулж, байрны түрээст 93 сая төгрөг төсөвт өртгөөс гаргуулсан,
- Хөх хот дахь Хянган замын тусгай дунд сургуулиас сургалтын төлбөр аваагүй байхад өөрийн хүүхдийн сургалтын төлбөрт 15 сая төгрөг төлсөн мэтээр хуурамч баримт бүрдүүлж, төсвийн хөрөнгөөс гаргуулж өөрийн эхнэрт олгосон,
- Дипломат төлөөлөгчийн газрын албан хэрэгцээнд ашиглаж байсан "Соната-7”, “Старекс” загварын автомашиныг шинэчилсэн бүртгэлд хамруулах нэрийдлээр БНХАУ-ын иргэнийг техникийн туслах ажилтнаар авч, 1,8 сая төгрөгийн цалин олгосон,
- Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын ажилтнуудад замын зардал олгохдоо Дэд Консул Б.Батзоригт 738 мянган төгрөг, атташе Д.Бямбаад 300 мянган төгрөг, эхнэр Д.Баянжаргал болон өөртөө 551 мянган төгрөг илүү олгож, төсөвт хохирол учруулсан,
- Илт худал мэдээллийг олон нийтэд тараасан
- Хууль сахиулагчийг албан үүрэгтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн
- "Евро сервис" ХХК-ийн захирал Б.Ганбаяртай бүлэглэж, газар ашиглах хугацаа сунгасан гэрчилгээ гаргаж бусдад давуу байдал бий болгосон. Ингэхдээ УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Эрдэнэбаярт албан тушаалтай нь холбогдуулан 20 сая төгрөг хахуульд өгсөн.
УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАРЫН ЗӨВЛӨХ АСАН Б.ЭРДЭНЭБАЯР 0 САЯ ТӨГРӨГИЙН ХАХУУЛЬ АВЧЭЭ
Д.Мөнх-Эрдэнийн хэрэгт УИХ-ын дарга Г.Занданшатарын зөвлөх Б.Эрдэнэбаяр холбогдсон нь анхаарал татаж байна. Тодруулбал,УИХ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын даргаар ажиллаж байсан Г.Эрдэнэбаяр нь бусдаас 20 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт буруутгагдаж, шүүхээс 16 сая төгрөгөөр торгуулллаа. Хэргийг сийрүүлбэл “УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга асан Б.Эрдэнэбаяр нь дээрх албан тушаалыг хаших хугацаандаа өөрийн албаны чиг үүрэгт хамааралгүй ашиг сонирхлын үүднээс БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байсан Д.Батмөнхөөр Богдхан уулын Дархан цаазат тусгай хамгаалалттай газарт байрлах Залаатын аман дахь 0.35 га газрын ашиглах эрхийн гэрчилгээг сунгуулсан. Энэ үйлдэлдээ Д.Мөнх-Эрдэнэ, Б.Ганбаяр нараас 20 сая төгрөгийн хахууль авсан” болохыг шүүхээс тогтоосон байна.
ГЭМ БУРУУТАЙ БОЛ ЯЛАА ЭДЛЭХ НЬ ЗҮЙН ХЭРЭГ… ГЭХДЭЭ…
82 сая төгрөгийн хохирлыг улсад учруулсан хэргээр Д.Мөнх-Эрдэнийг яллав. Хууль бусаар улсын хөрөнгө завшсан бол ялаа эдлэх нь зүйн хэрэг. Гэхдээ шүүх олон нийтэд ялгавартай байдлаар ханддаг уу гэдэгт олон нийт эргэлзэж, бухимдаж байна. Улсад тэрбум тэрбумаар нь, онц их хэмжээний хохирол учруулсан хэргийг шалгадаггүй, хариуцлага тооцдоггүй мөртлөө, Ц.Нямдорж тэргүүтэй хүмүүсийг уурлуулсан Д.Мөнх-Эрдэнэд ял оноох гэж улайрлаа гэх асуудлыг хөндөж байна. Тиймээс ч шүүх яг өнөөдрийх шигээ шуурхай ажилладаг юм бол гадаадаас ирсэн, авлигын хэргээр шалгагдаж буй Т.Бадамжунай, гэрээс нь 7,3 тэрбум төгрөг олдож, шалгуулж буй С.Батдөл нарын хэргийг ч шуурхайлж, хуулийн хариуцлагыг нь үүрүүлэх ёстой гэдэг асуудлыг олон нийт хөндсөөр байгаа юм. Хэргийг бид том жижиг гэж ялгах боломжгүй. Хэрэг л бол хэрэг. Тиймээс хариуцлагаа үүрэх нь зүй. Гагцхүү шүүх томчууд дээр бөхөлзөж, ял зэмгүй мултлаад өнгөрдөг байдлаа өөрчлөөч гэдэг шүүмжлэл олон нийтийн сүлжээнд эрчээ авсан юм.