Сагсан бөмбөгийн Үндэсний дээд лигийн хагас шигшээд “Тэнүүн Өлзий металл”, “Zavkhan brothers” багууд өрсөлдөж байгаа билээ. Өчигдөр цувралын тав дахь тоглолт болж, “Zavkhan brothers” өрсөлдөгчөө 91:76-гаар хожлоо. Ингэснээр цувралын харьцаа 3:2 болж ойртов. Хэдийгээр тэд өчигдөр хожсон ч нэгэн таагүй үйл явдал болсон нь багийн гол тоглогч Э.Дөлгөөний бэртэл байлаа. Түүний бэртлийн талаар “Zavkhan brothers” багаас тодрууллаа.
-Э.Дөлгөөний бэртэл гайгүй юу?
– Манай багийн гол тоглогчдын нэг Э.Дөлгөөн бэртсэнд харамсаж байна. Хуруу нь хугарчихлаа. Маш харамсалтай байна.
-Бэртэл нь эдгэрэх, эргээд талбайдаа гарахад хэдий хугацаа шаардагдах вэ?
-Тэрийг одоогоор тодорхой хэлэх боломж алга. Учир нь тоглолт дөнгөж сая дууссан учраас бэртлийнх нь талаар тодорхой мэдээлэл аваагүй байна. Одоо бид эндээс гараад Э.Дөлгөөнтэй уулзана. Эмнэлэгт нарийн шинжилгээ өгсний дараа тодорхой болчих байх.
-Хагас шигшээ тоглолт 3:2 боллоо. Танай баг энэ цувралд хожих, цаашлаад аварга болоход Э.Дөлгөөний үүрэг, орон зай их чухал. Хугарсан гарны бэртэл эдгэрэхэд нэлээд хугацаа орох нь ойлгомжтой. Түүний орон зайг яаж нөхөх вэ?
-Тамирчин хүнд хамгийн хэцүү зүйл бол бэртэл гэмтэл. Багт ч хүнд тусдаг. Ялангуяа Э.Дөлгөөн шиг ур чадвартай тоглогч бэртсэн нь манай багт хүнд тусаж байна. Манай багт ур чадвартай олон тоглогч бий. Дасгалжуулагчийн баг энэ талаар нарийн ярилцана. Тодорхой төлөвлөгөө гарган, хувилбар боловсруулаад ажиллана.