Цахим спортын CS:GO тоглоомын дэлхийн аваргын Азийн сонгон шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотод өчигдөр эхэллээ. 13 орны 40 гаруй тамирчин оролцож буй тус тэмцээнд I, II байр эзэлсэн баг 2023 оны "Major"-т өрсөлдөх эрх өвөртөлнө. Монгол Улсын “IHC esport” багийн тамирчид энэ удаагийн тэмцээнд "MongolZ”-ын нэр дээр өрсөлдөж буй нь олны анхаарлыг ихэд татаж буй.,
Монголын цахим спортыг дэлхийд анх таниулсан “MongolZ” багийг уншигчид сайн мэднэ. Тэдэнтэй харьцуулахад “IHC esport” харьцангуй залуу баг. Хамгийн сүүлд л гэхэд хоёрдугаар сард нэг сая ам.долларын шагналын сантай “IEM Katowice-2023” тэмцээнд оролцохдоо домогт “Furia”, “Cloud9” багийг угсруулан хожин, том дуулиан тарьсан билээ.
Тэгвэл тэд яагаад гэв гэнэт “MongolZ” багийн нэр дээр оролцохоор болов. “IHC esport”-тай байгуулсан гэрээ нь дууссан уу. Энэ талаар “IHC esport” багаас тодрууллаа.
-Танай багийн тамирчид тэмцээнд “MongolZ”-ийн нэр дээр яагаад оролцохоор болов. Гэрээ нь дууссан юм уу?
-Монголд болж буй тэмцээнд гэнэт яагаад “MongolZ” багийн нэр дээр оролцох болсныг нь гайхаж байна. Тэмцээнд оролцох багуудын нэрийг зарлах үеэр л энэ талаар мэдлээ.
-Тэгэхээр та бүхэнд урьдчилан мэдэгдээгүй гэсэн үг үү?
-Тийм ээ. Манай баг үйл ажиллагаагаа компанийн зарчмаар явуулдаг. Тамирчид компанийнхаа удирдлагуудад энэ талаар урьдчилан мэдэгдэлгүйгээр ийм шийдвэр гаргасанд харамсаж байна. Энэ шийдвэр цахим спортын хорхойтнуудад төдийгүй бидэнд ч гэнэтийн байлаа.
-Яагаад ийм үл ойлголцол гарав. Удирдлагын зүгээс гэрээгээ зөрчсөн удаа бий юү?
-Бид тамирчдынхаа ур чадвар, амжилтыг нэн тэргүүнд тавьсаар ирсэн. Өнөөг хүртэлх хугацаанд гэрээгээ нэг ч удаа зөрчөөгүй. Цаашид ч тамирчидтайгаа хамтарч ажиллан, санхүүжүүлээд явахад бэлэн.
-Энэ талаар тамирчидтайгаа ярилцсан уу?
– Одоогоор яг яагаад ийм шийдвэр гаргасан талаар нь бид ч өөрсдөө мэдээгүй, тодорхой мэдээлэлгүй байна. Манай тамирчид өнөөдөр Монголд болж буй тэмцээнд оролцож байгаа.
Яг одоо л гэхэд “Twisted minds” багтай нээлтийн тоглолт хийж байна. Тамирчдын амжилтад сэтгэл зүй их чухал. Тиймээс бид хүлээцтэй хандана. Багийн удирдлагууд энэ асуудлаар тамирчидтайгаа ярилцан, тодорхой шийдвэр гаргахаар ажиллаж байна. Асуудлын учир начир удахгүй олдох байх аа.
Бид энэ асуудлаар “IHC esport” багийн тоглогчидтой холбоо барихыг оролдлоо. Гэвч Монголд болж буй тэмцээнд өрсөлдөж байгаа тул холбогдох боломж байсангүй.