“Үзэсгэлэнт болгогч” хэмээх туулай жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймгийн цолтой 256 бөхийн барилдааны үеэр бөхчүүдээс допингийн явцын шинжилгээ авсан билээ.
Явцын шинжилгээ авах талаарх мэдээлэл барилдааны өмнө цацагдсан тул зарим бөх шинжилгээнээс бултахын тулд доогуур даваанд уналаа гэх шүүмжлэл багагүй гарсан. Тэгж хардаж болохуйц тохиолдол хэд, хэд гарсныг бөхийн хорхойтнууд хэдийнэ анзаарсан. Барилдааны нэг, хоёрын даваанд л гэхэд улсын арслан Р.Пүрэвдагва, улсын заан Н.Жаргалбаяр, улсын харцага Ц.Мөнхбаяр, Ц.Бямба-Отгон, Л.Лха-Очир нарын улсын цолтой 28 бөх өвдөг шөрөөдсөн юм.
Сар шинийн барилдааны үеэр авсан шинжилгээний хариу иржээ. Шөвгөрсөн 16 бөхийн нэгээс нь допинг илэрсэн гэх мэдээлэл байна. МҮБХ-ноос одоогоор ямар нэгэн албан ёсны мэдээлэл гаргаагүй байгаа юм. Тухайн бөх А сорьцны хариугаа хүлээн зөвшөөрвөл нэрийг нь шууд зарлана. Хэрвээ хүлээн зөвшөөрөхөөс татгалзан, В сорьцоо шинжлүүлэх хүсэлт гаргавал хоёр дахь шинжилгээний хариу гартал хүлээх журамтай.
Сар шинийн барилдаанд шөвгөрсөн 16 бөх:
-Даян аварга Н.Батсуурь
-Улсын аварга П.Бүрэнтөгс
-Улсын аварга С.Мөнхбат
-Улсын аварга О.Хангай
-Улсын арслан Ц.Содномдорж
-Улсын арслан Э.Оюунболд
-Улсын арслан Б.Орхонбаяр
-Улсын гарьд Ө.Бат-Орших
Улсын заан М.Лхагвагэрэл
-Улсын заан М.Өсөхбаяр
-Улсын заан Б.Пүрэвсайхан
-Улсын заан Б.Бат-Өлзий
-Аймгийн арслан Я.Бумбаяр нар тав даван шөвгөрсөн юм. Тэднээс даян аварга Н.Батсуурь, улсын арслан Э.Оюунболд, улсын гарьд Ө.Бат-Орших, улсын заан Б.Пүрэвсайхан нараас допинг илэрч байсан.
Улсын арслан Э.Оюунболдоос допинг илэрсэн гэх албан бус мэдээлэл цацагдаад байгаа юм. Тэрбээр өмнө нь допингийн асуудалд хоёр удаа орооцолдон, аварга цолоо хураалгаж байсан. Юу үнэн, энэ үнэн. Гэхдээ тэглээ гээд түүнээс допинг илэрч гээд яаран мэдээлэх нь өрөөсгөл, хуумгай үйлдэл.
Допинг илэрэхэд бага цолтой бөхчүүдээр “туг тахьдаг” гэх хардлага олны дунд байсаар ирсэн. Энэ өнцгөөс харвал, аймгийн арслан Я.Бумбаяраас илэрч гэх магадлал өндөр. Цагаан сарын барилдаанд аймгийн цолтой ганцхан бөх шөвгөрсөн нь Я.Бумбаяр. Тухайн барилдаанд цахиур хагалж, шуугиулсан түүнийг “хардах” хүн цөөнгүй байна.
Ямартай ч нөхцөл байдал ийм байна. МҮБХ-ноос албан ёсны мэдээлэл цацагдахаар учиг нь тайлагдах нь мэдээж.