Таван жилийн өмнө Монголоос нууцаар гарсан Т.Бадамжунай "Чингис хаан" ОУНисэх буудалд газардлаа. Түүнд АТГ-аас баривчлах тогтоолыг уншиж танилцуулсны дараа саатуулсан юм. Саатуулах ажиллагаа явагдсаны дараа ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэл өглөө. Сэтгүүлчид Т.Бадамжунайг 461-р ангид хорих эсэх талаар асуухад, мөрдөх байгууллага нь шийднэ гэж хариуллаа.
Мөн тэрээр шувуу ажиллагаа цаашид хэрхэн үргэлжлэх талаар ярихдаа, " Бид хэд хэдэн улстай хамтарч ажиллана. Сая Филиппин улсын иммигрейшний газрын дарга томоохон дэмжлэг үзүүлсэн тул талархал илэрхийлмээр байна. Ийм байдлаар, эрх зүйн туслалцаа авах замаар нэр бүхий хүмүүсийн гадаад пасспортыг хүчингүй болгох, дансыг нь царцаах шийдвэрүүд гарчихсан байгаа. Тэднийг шилжүүлэн авах хүсэлтүүдээ ч тавьсан. Нэрлэх боломжгүй байна. Ажлын хэсэг дээр ярьсан, төлөвлөсөн зүйлс бий. АТГ-ын дэд дарга Г.Азжаргал, Эрүүгийн цагдаагийн газрын дарга Сүхболд, миний бие нийлээд гурван хүн явсан” гэлээ.
Түүнчлэн БНСУ-д болсон Энэтхэг, Номхон далайн бүсийн ардчиллын уулзалтад оролцсон талаараа тэр хэлэв. Ингэхдээ, “Авлигатай тэмцэх чиглэлээр бие биедээ туслалцаа үзүүлэх чиглэлээр хуралдсан. Гадаад хэргийн болон хууль зүйн сайд нарын түвшинд харилцан дэмжлэг үзүүлэх тухайд уулзалт болсон. Дараа нь Филиппин улсад очиж, харилцан туслалцах гэрээгээр хамтран ажиллах хүсэлт өгсөн. Т.Бадамжунайн визний нь хугацааг дуусгах, дансыг нь царцаах агуулга бүхий албан бичгээ гардуулсан. Албадан саатуулах ажиллагаа 10 гаруй цаг үргэлжилж, албадан саатуулсан. Өөрөө Монгол руу ирэхээс татгалзах зүйлгүй гэсэн. Үүний дагуу процессын урт ажлууд явагдсан” гэсэн юм.