Санкт-Петербург хотын нэгэн кафед дэлбэрэлт болсны улмаас Оросын армийн блоггер Владлен Татарский амиа алдсаныг ОХУ-ын Дотоод хэргийн яам мэдэгдлээ. Street Food №1 гэх энэ кафед бөмбөг дэлбэрсний улмаас 30 гаруй хүн шархадсан байна.
Дэлбэрэлтийн талаарх бичлэгүүд олон нийтийн сүлжээнд нэн даруй цацагдсан ба хэн үйлдсэн нь тодорхойгүй байгаа юм. Владлен Татарский (жинхэнэ нэр Максим Фомин) нь Украин дахь Оросын дайныг тууштай дэмжигч байсан гэдгээрээ алдартай нэгэн. Дэлбэрэлт болох үед тэрээр тус кафед зохион байгуулж байсан нэгэн арга хэмжээнд зочин илтгэгчээр оролцож байжээ. Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслээр тэсрэх бөмбөгний талаар олон янзын мэдээлэл гарсаар байна. Дотоод хэргийн яамны эх сурвалжийн мэдээлснээр, Татарскийд бэлэг өгөхдөө үүн дотроо тэсрэх бөмбөг нуусан байж болзошгүй гэнэ. Хэргийг Украинчууд үйлдсэн гэх нотолгоо байхгүй ч ийм хардлага албаныханд байгаа гэдгийг Оросын хэвлэлүүд мэдээлж байна.
Тэд 26 настай нэгэн бүсгүйг сэжигтнээр саатуулсан ч уг эмэгтэй хэрэг үйлдээгүй гэдгээ илэрхийлсээр байна. Харин Украины тал энэ хэрэг өөрсөдтэй нь ямар ч хамаагүй ба Орос доторх хагарлын илрэл гэжээ.
SOURCE: BBC