
Өрнөдийн орнуудтай харилцаа хурцадмал байгаа энэ үед ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Беларусийн нутаг дэвсгэр дээр тактикийн цөмийн зэвсэг байрлуулна гэдгээ өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн. ОХУ-аас Беларусьд суух элчин сайд Борис Грызлов ням гарагийн орой “аюулгүй байдлыг хангах” энэ арга хэмжээний хүрээнд цөмийн зэвсгийг тус улсын баруун хил рүү зөөнө гэж хэлснээр асуудлыг улам хурцатгав.
Тодруулбал, "Европ болон АНУ-д шуугиан дэгдээсэн ч хамаагүй, үүнийг хийх болно" гэж Борис Грызлов Беларусийн төрийн телевизэд өгсөн ярилцлагадаа дурджээ. ОХУ зэвсгийг яг хаана байрлуулахыг тодорхой хэлээгүй ч энэ оны 7-р сарын 1 гэхэд байгууламжийг нь барьж дуусгана гэж мэдэгдсэн байна. Беларусь улс нь Литва, Латви, Польш гэсэн НАТО-гийн гишүүн улсуудтай хиллэдэг. Өнгөрсөн оны хоёрдугаар сард дайн эхэлснээс хойш НАТО Эстони, Латви, Литва, Польшид байрлах цэргийнхээ тоог бараг арав дахин нэмэгдүүлсэн гэх тооцоолол мөн бий.
SOURCE: AL JAZEERA