Монголын спортын түүхэн байгууллага Спортын төв ордныг 1958 онд байгуулсан. Өдгөө анхны эд, зүйлсээс нь хоёр толь, нэг ширээ үлджээ. Спортын төв ордны менежер Г.Нямдорж түүхэн ширээг спортын 60 гаруй холбооны 120 гаруй медалиар чимэн, шинэчилжээ. Медаль бүхэн үнэ цэнтэй, өөр, өөрийн гэсэн дурсамжтай. Монголын спортын үе, үеийн түүх, дурсамжийг энэхүү ширээнд мөнхөлснийг спортын хорхойтнууд онцолж байлаа.
Монголын спортын түүх, дурсамжийг агуулсан цөөнгүй эд зүйл, цуглуулга Г.Нямдоржийн өрөөнд бий. Тэрбээр төрийн далбаан дээр гавьяат цолтнуудын гарын үсгийг 20 жилийн хугацаанд цуглуулж байгаа юм.
Г.Нямдорж “Энэ ширээн дээр спортын үе, үеийн удирдлага, томоохон албан тушаалтнууд суудаг байсан. Хамгийн сүүлд складанд оруулж, дээр нь юм хураачихсан байхад нь би гаргаж ирэн, өрөөндөө тавьсан юм. 2001 оны эхээр юм уу даа. Түүнээс хойш энд байна. Маш их түүх агуулсан эд. Спортын төв ордноор орж, гардаг хүмүүс манай ширээг андахгүй, бүгд мэднэ.
Спортын бүх холбоодын медалиар тавцанг нь чимээд, цутгая гэсэн санаа төрсөн. Тэгээд медалиудаа цуглуулж, холбоодтой холбоо барилаа.
Сүүлийн долоо хоног нэлээд шахаж байж медалиудаа шуурхай цуглууллаа. Манайхан яадаг билээ. “За” гээд алга болчихдог. Спорт холбоодын 90 гаруй хувийнх нь медалийг орууллаа.
ОУХМ, спортын мастер, Биеийн тамирын тэргүүний ажилтан цолны хуучин тэмдгүүд бий. Хүмүүс Биеийн тамирын тэргүүний ажилтны эн тэмдэгт их дуртай. Жаахан зайнаас гавьяат шиг харагддаг байхгүй юу.
Би одоо удирдлагад санал тавина. Гэрээ, хүндэтгэлийн, ёслолын үйл ажиллагаанд энэ ширээг байлгах, дээр нь гарын үсэг зурах санал гаргана” гэлээ.
Мөн 140 гаруй гавьяатын гарын үсэгтэй төрийн далбааныхаа талаар “Төрийн далбаан дээр гарын үсэг цуглуулахыг би ёстой бодож байгаад эхлүүлсэн. 2003 онд, одоо 20 жил болчихсон байна. Спортын гавьяатууд, томчууд орж ирэхээрээ бүгдээрээ их сүсэглэдэг, бэлгэшээдэг.
-Энэ дээр “Олимпын анхны аварга Н.Түвшинбаяр. Буянт-Ухаад, 04.30 минутад” гэсэн байна. Та эх орондоо ирэнгүүт нь зорьж очоод гарын үсгийг нь зуруулж байв уу?
-Тэгсэн. Н.Түвдшинбаяр олимпын анхны аварга болоод 2008 оны наймдугаар сарын 17-ны шөнө 04.30 минутад Н.Түвшинбаяр Буян-Ухаад буусан. Энэ төрийн далбаа гадна талаараа модон хүрээгүй байсан юм. Ц.Шийрэв, Эрдэн-Очир багш, бид хэд тал, талаас нь татаж байгаад аваргаар гарын үсгийг нь зуруулж байлаа.
Энэ төрийн далбаан дээр Ж.Мөнхбат аварга, Х.Баянмөнх, олимпын аварга Э.Бадар-Ууган, Х.Цагаанбаатар, О.Гүндэгмаа, П.Сүхбат гээд олон шилдгийн гарын үсэг байгаа. Мөн М.Уранцэцэг, М.Бундмаа, Д.Амартүвшин, Б.Гангаамаа, уулын Я.Зориг гуайн гарын үсэг хүртэл бий. Ер нь бүгдийнх нь бий.
Надад нэг давуу тал бий. Спортын төв ордонд ажилладаг, төрийн далбаагаа энд байрлуулсан нь надад давуу тал болдог. Спортын бүх томчууд Спортын төв ордонд орж ирнэ, тэгээд тааралдана. “Нөгөө далбаан дээрээ гарын үсгийг нь зуруулъя” гээд зуруулдаг байхгүй юу. Одоо тамирчид гавьяат болохоороо “Ордон руу орж, далбаандаа гарын үсгээ зуруулъя” гэдэг болчихсон” гэлээ.