“Хөрөг” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт тасралтгүй 10 гаруй жилийн хугацаанд хуримын ёслолын арга хэмжээ зохион байгуулж буй “MCP” компанийн үүсгэн байгуулагч, зөвлөх Б.Энхсайханыг урьж, ярилцлаа. Түүний хувьд их сургуулиа эрх зүйч мэргэжлээр төгссөн ч өөрийн ур чадвар, хүсэл сонирхлыг хөгжүүлэн, хуримын зохион байгуулагч болжээ. Хүний амьдралд ганцхан тохиолдох хамгийн нандин мөч, хамгийн чухал өдөр болох хуримын ёслолын арга хэмжээг шинэхэн хосуудад сэтгэл хангалуун, хайртай гэр бүлийнхнийг нь аз жаргалтай байлгахын тулд өдөр бүр шинээр бодож, сэтгэж, хамгийн сайнаараа хичээж ажилладаг тухайгаа манай нэвтрүүлэгт хуваалцсан юм.
АЛИВААД ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ ХАНДАЖ, ТУУШТАЙ БАЙХ ХАМГИЙН ЧУХАЛ
Түүний өглөө бүр өөр өөр өнгөтэй эхэлдэг. Учир нь нэг өдөр хуримын ёслолтой, өөр нэг өдөр нь төрсөн өдөртэй гэх мэт амьдралд тохиох хамгийн нандин мөчүүдэд өнгө нэмж, аз жаргалтай, сэтгэл хангалуун өдрийг бэлэглэдэг.
Б.Энхсайхан эрх зүйч мэргэжилтэй ч арга хэмжээний зохион байгуулагч болсон нь түүний сонирхол, хобби болон ур чадвартай холбоотой. Багаасаа нийгмийн идэвхтэй, хөдөлгөөнтэй хүүхэд байсан тэр өмгөөлөгч болохыг мөрөөддөг байжээ. Арван жилийн сурагч байхдаа аливаа зүйлд чин сэтгэлээсээ ханддаг, хийсэн бол заавал дуусгадаг зантай, тууштай, зарчимч байсан нь түүнийг өнөөдрийн ажилдаа хандах хандлага, үйлчлүүлэгчдийнхээ итгэлийг олж, салбартаа танигдаж, амжилттай ажиллах бат бэх суурь нь болсон байна. Тэр хэлэхдээ “Хүний бага насандаа олсон хүмүүжил том болсон ч өөрчлөгддөггүй. Багадаа олон зүйл туршиж, хичээлээ сайн хийдэг, тууштай болж чадсандаа одоо маш их баярладаг” гэсэн юм.
“БУРУУ МЭРГЭЖЛЭЭР СУРСАН ДАА” ГЭЖ ХЭЗЭЭ Ч ХАРАМСАЖ БАЙГААГҮЙ
Их сургуульд эрх зүйчээр элсэж, өмгөөлөгч болох мөрөөдлөө зорилго болгон суралцаж байсан ч хоёрдугаар дамжаанаасаа дадлагад гарсан нь хүсэж, мөрөөдөж байсан мэргэжилдээ дургүй болох шалтгаан болжээ. Нийгмийн хамгийн болж бүтэхгүй “хэцүүхэн” хэсэгтэй ажиллах түүнд хүнд санагдсан гэв. Их сургуулиа амжлилттай төгсөж, илүү ихийг сурахаар Герман улсыг зорьсон ч охиноо санахаас эхлээд амьдралын бусад шалтгаанаас болон буцаж ирсэн байна. Түүний арга хэмжээний зохион байгуулагч болсон түүх нь Герман улстай салшгүй холбоотой. Тэр Германд очоод, шинэ жилийн баярыг утгаар нь гоё тэмдэглэж байгааг харж, Монголдоо ч тийм орчин бүрдүүлэх юм сан гэсэн бодлоос бүх зүйл эхлэлтэй аж.
Б.Энхсайхан Герман улсаас ирж, MCP компанийг үүсгэж байгуулж, тэнд харсан шинэ жилийн баярын чимэглэлээ хийж эхэлжээ. Эхний 5,6 жил зөвхөн шинэ жилийн чимэглээр дагнан ажилласан байна. Тэрээр маш хариуцлагатай, нямбай ажиллаж, үйлчлүүлэгчдэд болон хамтран ажилладаг компанидаа үнэлэгдсэн учир хуримын арга хэмжээний чимэглэл хийх санал тавьсан байна. Ингээд зөвхөн шинэ жилийн чимэглэл хийдэг хүн хуримын чимэглэл хийдэг болж, цаашлаад хуримын зохион байгуулагч болжээ.
Тэр хэлэхдээ “Хууль гэдэг тогтсон дүрэм, журамтай. Хуульч хүнээс зарчимтай байхыг шаарддаг. Миний хийж байгаа ажил ч ялгаагүй зарчим, ёс зүй, тогтсон цаг, дүрэм, журам шаарддаг. Өөрийн дурлаж сурсан мэргэжлээрээ ажиллаагүй ч одоо бизнесээ авч явахад, нийгмийн харилцаанд орж, үйлчлүүлэгчидтэйгээ харилцахад үргэлж хэрэг болдог. Тиймээс үндсэн мэргэжлээсээ айхтар холдоогүй. Буруу мэргэжлээрээ сурсан даа гэж хэзээ ч харамсаж байгаагүй” гэсэн юм.
ХИЙЖ БАЙГАА ЗҮЙЛЭЭСЭЭ АЗ ЖАРГАЛ МЭДЭРДЭГ УЧРААС ХЭЗЭЭ Ч ХЭЦҮҮ САНАГДДАГГҮЙ
Б.Энхсайхан таван хүүхдийн сайн ээж. Их сургуулийн хоёрдугаар курсээ төгсөөд, анхны охиноо өлгийдөн авсан байна. Ажлаа хийсээр төрдөг, төрөөд удалгүй ажилдаа ордог. “Маш завгүй ажилладаг байж хажуугаар яаж таван хүүхэд төрүүлж, амжилттай ажлаа амжуулдаг вэ” гэж олон хүн түүнээс асуудаг байна. Тэр “Хүн аз жаргал мэдэрч байгаа зүйлээ хийхдээ хэзээ ч ядардаггүй. Тийм хэцүү байдаггүй. Би маш их ажилладаг ч ажлаасаа маш их эрч хүч, аз жаргал мэдэрдэг. Ажлаа хийгээд гүйж байхад л хүүхдүүд ч том болчихдог. Ажил ч амжилттай үргэлжилж, улам өргөжиж байдаг даа” гэсэн юм.
“Их ажилладаг болоод ч тэр үү “Бааранд орж үзээгүй байхад залуу нас дуусчихлаа” гэдэг шиг л бужигнадаг. Жаахан л цаг гарвал гэр бүл, хүүхдүүддээ зориулдаг. Мэдээж өөрийгөө, найзуудаа ч орхиж болохгүй. Аль алийг нь орхигдуулахгүй байхыг хичээдэг” гэж ярих нь түүнийг ажилдаа ч, гэр бүлдээ ч, найзууддаа ямар их анхаарал хандуулж, бүх зүйлд чин сэтгэлээсээ хандаж, хариуцлагатай байдгийг илтгэнэ.
“БИ ӨӨРӨӨ СЭТГЭЛ ХӨДЛӨЛ ӨНДӨРТЭЙ, РОМАНТИК ХҮН УЧРААС ШИНЭ, СОДОН САНААНУУД ГАРДАГ БАЙХ”
Хуримын ёслол зохион байгуулах нь зарим хүний мөрөөдлийн ажил. Жишээлбэл, үүнийг бичиж суугаа би ч найзынхаа ч юм уу, хэн нэгний хуримын ёслолыг зохион байгуулж үзэхийг маш их хүсдэг. Харин түүний хувьд тасралтгүй 10 гаруй жил хуримын ёслолын арга хэмжээ зохион байгуулж байгаа ч анх удаагийнх шигээ баярын нулимстай сүйт бүсгүйг угтдаг гэв. “Сэтгэл хөдлөл өндөртэй хүнээс арай өөр, шинэ содон санаа гардаг байх гэж боддог. Би өөрийгөө их романтик хүн гэж боддог” гэв. Б.Энхсайхан шинэхэн хосуудын хуримын жижигхэн ч гэлтгүй бүх зүйлд анхаарч, үйлчлүүлэгчдийнхээ сэтгэл ханамжид анхаарч, хамгийн сайхын өдрийг бэлэглэхийг хүсдэг байна. “Урьд шөнө нь нойргүй ажилласан ч маргааш нь хосууд орж ирж харахад ямар ч харилцаа үүсээгүй ч харцнаас нь ямар их баярлаж байгаа нь харагддаг. Үйлчлүүлэгч маань тэгж их баярлаж, сэтгэл хангалуун байгааг хараад л өмнөх шөнийн нойр, ядралт гээд бүгд хийсэн алга болдог доо” гэсэн юм.
Хүний амьдралд ганцхан тохиох хамгийн чухал өдрөө түүнд даатгадаг учраас бүх хүчээ дайчлан ажилладаг байна. Тиймээс ч ямар ч реклам, сурталчилгаагүйгээр 20 гаруй жил үйл ажиллагаагаа таслалгүй оршин тогтножээ. Үйлчлүүлэгчдэдээ сэтгэл ханамжийг бий болгож, тэд дараагийн арга хэмжээ болон дотнын хүмүүстээ санал болгон дахин үйлчлүүлдэг итгэл нь түнийг хөглөж, илүү сайн ажиллах хүч өгдөг байна. Тэрээр “Миний хийдэг ажил бол хамгийн гоё ажил. Би энэ ажилдаа маш их хайртай” гэсэн юм.
АЛИВАА ЗҮЙЛИЙН ГЭГЭЭЛЭГ ТАЛЫГ НЬ ХАРЖ, ТАЙВАН БАЙХЫГ ЭРХЭМЛЭДЭГ
Түүний хувьд чөлөөт цагаараа агаарт алхах дуртай. Үргэлж олон хүнтэй харьцаж, бужигнаж ажилладаг түүнд голын эрэг дагаж алхах, ууланд алхаж, модны доор суух нь асар их тайвшрал өгдөг байна. Нэг арга хэмжээ зохион байгуулах гэж яарч, сандарч, нааш цааш гүйдэг тул тайвширч, бодлоо цэгцэлж, ажлуудаа төлөвлөж, дараалалд оруулахад тусалдаг аж.
Түүнтэй ярилцахад маш найрсаг, тайван хүн шиг санагдав. Тиймээс ч түүний нийгмийн их стресс, замбараагүй байдлаас ангид байгаа нь сонирхол татаж байв. Тэр “Нийгэмд болохгүй, бүтэхгүй зүйлс зөндөө байна. Аль ч газар ийм зүйлс байж л байгаа. Тиймээс бид өөрсдөө хар бараан зүйлсийг хараад л бухимдаад байхгүй аль гэрэл гэгээтэйг нь харж, өнгөлөг байх хэрэгтэй. Амьдралын утга учир болсон үр хүүхдүүд, хийх дуртай ажил, сайхан байгаль байгаа учраас тэднийг харж, аз жаргал авдаг. Хүн бүрийн амьдрал гэрэл гэгээтэй тал нь илүү байгаасай гэж хүсэж байна” гэсэн юм.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.