CNN агентлаг 2023 оныг Монголд аялах жил хэмээн онцолсон байна. Дэлхийн томоохон агентлаг манай орны аялал жуулчлалыг хэрхэн мэдээлснийг бид орчуулан хүргэж байна.
“Монгол орон алслагдмал, зуны улирал богинохон учир аялагчдын анхаарлын төвөөс хол байсаар ирсэн. Гэвч тус улс олон улсын жуулчдад нэвтрэх нөхцөлийг хөнгөвчлөх, дэд бүтцээ сайжруулах замаар аялал жуулчлалын салбарт улам бүр нээлттэй болж байгаа тул 2023 он бол тэнд очиход хамгийн тохиромжтой цаг байж магадгүй юм.
Ийнхүү аялагчид олон жилийн турш мөрөөдөж байсан Монгол руугаа одооноос төлөвлөж эхлэх ёстой хэд хэдэн шалтгааныг дурдаж байна.
- Визгүй зорчих орны тоо нэмэгдэж буй
Монгол улсын засгийн газар 2023-2025 оныг “Монгол улсад зочлох жил” болгож зарласан. Тиймээс 2025 оныг дуустал тус улсад одоо байгаагаас нэмэгдээд 34 орны иргэд визгүй зорчих боломжтой болжээ.
- 650 сая ам.долларын шинэ нисэх буудал ашиглалтад орсон
Олон жил саатаж, цар тахал дэгдэж, мөн хэд хэдэн маргааныг туулсны эцэст шинээр баригдсан Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал 2021 оны зун ашиглалтад орсон. Жилд 3 сая орчим зорчигч хүлээн авах чадвартай тус нисэх буудал нь хуучин нисэх онгоцны буудлаас хоёр дахин их чадамж бүхий юм байна. Үүгээр зогсохгүй дэд бүтэцдээ томоохон шинэчлэлүүдийг хийжээ. Уг нисэх онгоцны буудал нээгдсэнээс хойш EZNIS Airways-аас Хонг Конг руу хийх нислэгүүдийг дахин эхлүүлсэн бөгөөд АНУ руу шууд нислэг хийх яриа хэлэлцээ хийгдэж байна.
- Шинэ музей
Саяхан нээгдсэн Чингис хааны музей нь Монголын түүхийг нүд баясгам, шинэлэг байдлаар олон нийтэд харуулж байна.
2000 гаруй жилийн түүхийн 10,000 гаруй үзмэрийг тус музей агуулах ба Монголчуудын үүсгэн байгуулсан аугаа эзэнт гүрэн, түүний төгсгөл хүртэлх бүхнийг харуулж буйгаараа онцлог. Музей найман давхартай ба хөтөчтэй хөтөлбөрийг Бямба, Ням гараг бүр 10:00-16:00 цагийн хооронд англи хэл дээр үнэ төлбөргүй санал болгодог байна.
- Монгол дахь “Coachella”
Ихэнх хүмүүс Монгол орны тухай бодоход дэлхийн хамгийн том элсэн цөлүүлийн нэгт зохион байгуулагддаг хөгжмийн наадам, байгаль хамгаалахад чиглэсэн урлагийн байгууламжууд юун түрүүнд бодогдохгүй л болов уу. Гэхдээ энэ бүхэн Playtime, Spirit of Gobi, INTRO Electronic Music Festival, Kharkhorum 360 Visual Art & Music Experience зэрэг фестивалуудын ачаар өөрчлөгдөж байна. Дэлхийн өнцөг булан бүрээс олон улсын хамтлаг, DJ, хөгжимчдийг Монголын реппер, хамтлаг, ардын дуучидтай зэрэгцүүлснээр энэ улс урлагийн наадамд дурлагчдын хувьд дэлхийд хамгийн дутуу үнэлэгдсэн газруудын нэг байж магадгүй юм.
Энэ мэтчилэн Монголын уламжлалт баях наадам, дөрвөн улирлыг CNN агентлаг онцолж, 2023 оны “заавал” зорих газруудын нэгээр манай улсыг нэрлэжээ.
SOURCE: CNN