Дархан-Шарын гол чиглэлийн замд эвдрэл үүсжээ. Авто замын ус зайлуулах шуудууг хааж түр зам байгуулсан тул ус зайлуулах хоолойнууд бүрэн ажиллаагүй. Үүнээс үүдэж шар ус хуримтлагдан замд эвдрэл үүссэн байна.
Замын 8,2 дахь км-т 100 метр газар шар усны үерээс болж авто замын хөвөө урссан. Мөн газар замын зорчих хэсэг рүү 70-80 см орж асфальт бетон хучилтыг хөндийрүүлжээ. Дархан-Уул аймгаас комисс гарч тухайн чиглэлийн автозам дээр ажиллаж байна.
Энэхүү зам нь 2020 онд ашиглалтад орсон бөгөөд Дархан-Шарын гол чиглэлийн 3 багц ажлын 1-дүгээр багц буюу 17,2 км хатуу хучилттай авто замд хамаарах аж.
Тус авто зам, замын байгууламжийн барилгын ажлыг 2019-2020 онд “Төгс зам” ХХК гүйцэтгэжээ. Гэвч тухайн чиглэлийн автозамыг гүйцэтгэгч байгууллагын чанарын баталгаат хугацаа дуусаагүй байгаа тул зам хариуцагч байхгүй байна.
Эх сурвалж: “Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ