Оросын эрх баригчид хэдий сонингийнх нь үйл ажиллагааг зогсоосон ч сэтгүүлч Дмитрий Муратов дайны эсрэг дуугарсан хэвээр байгааг BBC агентлаг онцоллоо.
“Новая газета” сонины эрхлэгч, Нобелийн энх тайвны шагналт тэрээр Кремлийн барууны ертөнцтэй үүсгэж буй зөрчилдөөнд санаа зовниж байгаагаа илэрхийлсэн юм.
Тэрээр “Хоёр үеийнхэн цөмийн дайны аюулгүй, тайван сайхан амьдарч ирлээ. Гэвч энэ тайван цаг дууссан гэж харагдаж байна. Путин цөмийн дайныг эхлүүлэх үү, үгүй юу? Үгүй гэдэгт нь итгэлтэй нэг ч хүн байхгүй гэж бодож байна” гэжээ.
Орос, Украины дайн өнгөрсөн оны 2-р сарын сүүлд эхэлснээс хойш Оросын цөмийн анхааруулгууд чангарсаар байгаа гэж хэвлэлүүд үзэж байна. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Беларусьт тактикийн зориулалттай цөмийн зэвсэг байршуулахаар болсон билээ.
Түүнчлэн В.Путины ойрын зөвлөх Николай Патрушев “ОХУ ямар ч улсыг, тэр дундаа АНУ-ыг ч устгах чадвартай орчин үеийн зэвсэгтэй” гэж хэлж байсан удаатай. Энэ асуудалд чин сэтгэлээсээ санаа зовниж буйгаа Дмитрий Муратов илэрхийлж, ард иргэдэд цөмийн дайныг тийм ч муу зүйл биш гэж итгүүлэх гэсэн төрийн суртал ухуулга сүүлийн үеүүдэд ихээр өрнөж байгааг хэлсэн байна. Оросын бие даасан хэвлэлүүдийн нэг болох Новая Газетагийн үйл ажиллагааг дайн дуустал түр хугацаанд зогсоосон байгаа юм.
SOURCE: BBC