УИХ-ын нэр бүхий гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг өчигдөр УИХ-ын чуулганаар хаалттай хэлэлцлээ. Улмаар, нууц санал хураалт явуулснаар яллагдагчаар татагдаад буй УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг Парламент дэмжиж, УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ.
Уг нь уржигдар /2023.03.29/ УИХ-ын холбогдох байнгын хороо болон МАН-ын бүлэг Ерөнхий прокурорын саналыг дэмжээд байсан юм. Гэвч хаалттай хуралдаан бүхэл өдрийн турш үргэлжилж, хоёр гишүүнийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэн саадгүй шалгахаар болж, нэгийг нь сугалж үлдлээ.
Эдгээр гишүүнийг:
1. "Ажнай" Д.Бат-Эрдэнийг мөнгө угаасан, албан тушаалаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр түүнтэй хамт 11 хүнийг яллагдагчаар татаж, 66 хүнээс гэрчийн мэдүүлэг авсан.
2. Т.Аюурсайханд үндэслэлгүйгээр хөрөнгөжих, зохион байгуулалттай гэмт бүлэглэл байгуулсан гэх үндэслэлээр яллагдагчаар татаж, 11 хүнтэй уулзахыг хориглож, 119 хүнийг гэрчээр байцаасан
3. Н.Наранбаатарыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр яллагдагчаар тус тус татсан. Улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлж шалгах саналыг Улсын Ерөнхий прокурор УИХ-д хүргүүлсэн юм.
Т.АЮУРСАЙХАН, Д.БАТ-ЭРДЭНЭ НАРЫГ ЖАГСААЛ САНХҮҮЖҮҮЛСЭН АСУУДЛААР БУРУУТГАН ШАЛГАЖ БАЙНА
Энэ удаагийн парламентаас түүхэндээ хамгийн олон гишүүнийг яллагдагчаар татан шалгах, чөлөөлөх магадлалтай байна. Гишүүдийг нэг бус, хэд хэдэн хэрэгт буруутган шалгаж байгаа нь анхаарал татаж байгаа юм. Тухайлбал, Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нар нүүрний хулгайн хэргээр шалгагдаж буй. Гэвч нүүрсний хулгайг эсэргүүцсэн жагсаалыг өөртөө ашиглахыг санаархаж, санхүүжүүлсэн хэрэгт давхар буруутгагдаад байна. Ер нь тэд бэл бэлчинтэй ч олсон зөөснөө бусадтайгаа хуваадаггүй, намдаа нэр нөлөө муутай зэрэг нь УИХ-аас явах, УИХ-ын гишүүд нь тэднийг санал нэгтэй явуулахад нэг гол шалтгаан түлхэц болж өгсөн.
МАН-ЫН ГИШҮҮД МАН-ЫН ДАРГЫНХАА БОДЛОГЫН ЭСРЭГ ЗОГСОВ
Өчигдөр УИХ хуралдах гэж багагүй цаг зарцуулж сунжрав. Учир нь гишүүдэд яаж саналаа өгөхөө мэдэхгүй араа бодсон гишүүн ч цөөнгүй байсантай холбоотой. Нөгөө талдаа, авч үлдэх үү, үгүй юу гэдэг дээр ч тохироо хийх, цаг хожих хэрэгтэй байсан нь ойлгомжтой.
Явж буй "нөхөд" нь үлдэгсдйинхээ булхайг сайн мэднэ. Иймээс араасаа хөлдөө чирэх аюултай. Тиймээс үг дуугүй яваад шалгуулах талаар багагүй тохироо хийсэн байж таарна. Цаг гаруй хүлээж байж ирцээ бүрдүүлсэн хуралдаан хаалттай 6 цаг үргэлжилсэн юм. Ер нь, гэмт хэрэгт холбогдсон гишүүд хэргээс мултрахын тулд гишүүдийн өрөөгөөр өнжиж байна, мөнгө тарааж байна гэх асуудлууд ч улстөрийн хүрээнд яригдсан.
Гурван гишүүний асуудлыг МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дуу нэгтэй дэмжсэн. МАН-ын бүлэг ч гурвуулаа шалгуулах нь зөв гэдэг шийдэлд хүрсэн. Гэтэл МАН-ын гишүүд намынхаа даргын эсрэг зогсож, гэмт хэрэгт сэжиглэгдсэн гишүүдээ хаацайллаа. Н.Наранбаатар гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхээс татгалзав. Нөгөө хоёр гишүүнийг түдгэлзүүлье гэж 40 орчим гишүүн л саналаа өгөв. Уг нь хуралдаанд УИХ-ын 75 гишүүнээс 66 гишүүн оролцсон юм.
БҮРЭН ЭРХЭЭС НЬ ТҮДГЭЛЗҮҮЛСЭН ХОЁР ГИШҮҮНИЙ ХӨРӨНГӨ, ОРЛОГО НЬ ТОГТМОЛ ӨСӨЖ ИРЖЭЭ
Т.АЮУРСАЙХАН ХӨРӨНГӨ ОРЛОГОО ХЭРХЭН МЭДҮҮЛЭВ
Т.Аюурсайхан 2017 онд АТГ-т хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргахдаа жилийн орлого нь 70 сая төгрөг хэмээн мэдүүлсэн байна. Харин 2021 оны байдлаар жилийн орлого нь 235 сая төгрөг болж, гурав дахин нэмэгджээ. Түүний ХОМ-ийг 2021 оны байдлаар харвал:
Өөрийн жилийн орлого: 235 сая
Гэр бүлийн гишүүдийн орлого: 159 сая төгрөг
1,2 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх орон сууц барилга байгууламжтай (Амины орон сууц 1, зуслангийн байшин 1, ферм 1)
118 сая төгрөгөөр үнэлэгдэх машинуудтай
36 сая төгрөгөөр үнэлэгдэх газартай, 87 сая төгрөгөөр үнэлэгдэх үнэт эдлэлтэй
162 сая төгрөгийн хадгаламжтай” гэж мэдүүлжээ.
Д.БАТ-ЭРДЭНЭ ХӨРӨНГӨ, ОРЛОГОО ХЭРХЭН МЭДҮҮЛЭВ
“Ажнай” Д.Бат-Эрдэнийн 2015,2020, 2021 оны хөрөнгө, орлогын мэдээллийг АТГ-ын “xacxom” платформд байршуулжээ. Үүнийг авч үзвэл тэрээр 2021 онд:
Өөрийн жилийн орлого: 891 сая
Гэр бүлийн гишүүдийн орлого: 220 сая төгрөг
180 сая төгрөгөөр үнэлэгдэх 1 орон сууцтай
930 сая төгрөгөөр үнэлэгдэх тээврийн хэрэгсэлтэй
890 сая төгрөгөөр үнэлэгдэх малтай
1,3 тэрбум төгрөгийн хадгаламжтай
10 гаруй компанийн хувьцаа эзэмшдэг” гэжээ.
"АРЬСАА ХАМГААЛСАН" АН-ЫН МЭДЭГДЭЛ
АН даргатай болж, амь орж эхэлсэн. Гэвч тэд хэлд орсон даруйдаа "МАН-ын хулгайчид шалгуулцгаа, манай хулгайч байж л байг" гэсэн нь өөрсдөд нь хасах оноог авчирлаа.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл сэтгүүлчдэд байр сууриа илэрхийлэхдээ "Том хулгайгаа орхиж жижиг асуудлаар эрх баригчид оролдож байна. Зарим гишүүнийг 60 гаруйхан сая төгрөгийн асуудлаар буруутгасан байх жишээтэй гэсэн нь байгаа оноогүй үг байв. Уг нь хууль бус зүйлд ялгал үгүй. Гэвч өөрийнхөө гишүүн Д.Бат-Эрдэнийг хамгаалах бүх талын аргаа хэрэглэлээ. Гэвч гишүүдийн дийлэнх нь түүнийг явууллаа.
МАН 1, АН 1 гишүүнээ шалгуулахаар болж байна. Хэрэв гэм буруугүй гэж тогтоогдвол тэд УИХ-д эргэн ирнэ. Товчхондоо, авлигын эсрэг бодлого дээр АН улстөржсөн, хэт явцуу ашиг сонирхлын үүднээс хандаж, нэр хүндээ дахин унагалаа. Бугшмал асуудлуудыг хаацайлах юм бол олон нийт АН-аас юу хүлээх вэ? Ийнхүү УИХ-ын гишүүдийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх асуудал эрчээ авч байна. Эдгээрийн араас жагсах хүмүүс ч цөөнгүй бий. Үүнтэй зэрэгцэн УИХ чадамжгүй боллоо гэх шүүмжлэл хүчтэй яригдаж байна.