Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан Боомтын сэргэлтийн хүрээнд “Монголын төмөр зам” ТӨХК нь төмөр замын төслийн бүтээн байгуулалтын ажлуудыг цогцоор гүйцэтгэж байна.
Мөн Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч боомтын хил дамнасан төмөр замын төслийг хэрэгжүүлэх эрхийг Засгийн газрын 446 дугаар тогтоолоор “Монголын төмөр зам” ТӨХК-д олгосон билээ.
“Монголын төмөр зам” ТӨХК нь Шивээхүрэн-Сэхээ боомтын төмөр замын бүтээн байгуулалтад шаардлагатай ажлуудыг үе шаттай гүйцэтгэж байгаа ба инженер-геодези, инженер-геологи, геотехник, гидрологийн судалгааны ажлуудыг бүрэн хийсэн.
Тус боомтын төмөр замын нарийвчилсан зураг төслийг боловсруулах ажлыг 4 дүгээр сард дуусгахаар ажиллаж байна. Харин “Монголын төмөр зам” ТӨХК Техник эдийн засгийн үндэслэл боловсруулах ажил бүрэн дуусгаж ЗТХЯ-ны Шинжлэх ухаан техникийн зөвлөлөөр хэлэлцүүлэн батлуулахад бэлэн болоод байна.
Шивээхүрэн-Сэхээ боомтын төмөр замыг ирэх 07 дугаар сард ашиглалтад оруулах бөгөөд 2023 оны 12 дугаар сарыг дуустал 250-300 мянган тонн ачаа тээвэрлэхээр төлөвлөж байна хэмээн ЗТХЯ-наас мэдээллээ.