НИТХ-ын ээлжит бус X хуралдаан боллоо.
Энэ удаагийн хуралдаанаар эзэнгүй нохой, муур устгах ажлын нэгж тарифыг шинэчлэх асуудлыг хэлэлцэж, олонхын саналаар баталсан байна.
Эзэнгүй нохой, муурын тоо толгойг цөөлөх хүрээнд галт зэвсгээр устгах ажлыг тусгай зөвшөөрөл бүхий компаниар гүйцэтгүүлдэг. Гэвч сүүлийн жилүүдэд шатахуун, сумны үнэ эрс өссөн, мөн нэг цагийн хөдөлмөрийн хөлсний хэмжээ, нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдсэн зэрэг хүчин зүйлээс шалтгаалан өмнөх тарифаар гүйцэтгэх боломжгүй болсныг Улаанбаатар Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа хэлэв.
Тиймээс эдгээр нөхцөл байдалтай уялдуулан нохой, муур устгах ажлын нэгж тарифыг шинэчлэн батлах шаардлага үүсээд буйг тэрбээр онцолсон юм. Эзэнгүй нохой, муурын тоог цөөлөх өөр шийдэл олох, үржил хязгаарлах аргуудыг нэвтрүүлэх, иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдалтай холбоотой энэ асуудлыг яаралтай шийдвэрлэх зэрэг саналыг төлөөлөгчдийн зүгээс дэвшүүлж байв.
Мөн “Геодез, усны барилга байгууламжийн газар” ОНӨААТҮГ-ын дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Нийслэлийн усны барилга байгууламжийн инженерийн бэлтгэл арга хэмжээний барилга, байгууламжийн төлөвлөлт, ашиглалт хамгаалалтын зурвас, ашиглалт, засвар үйлчилгээний журмын тухай болон Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, барилгажилтын төсөл батлах тухай болон бусад асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.
Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс