АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Кевин МакКарти Тайванийн Ерөнхийлөгч Цай Ин Вэнтэй уулзвал үүний эсрэг “тэмцэнэ" гэж Хятадын талаас мэдэгдлээ. Цай Инг Вен Гватемал, Белиз рүү явах замдаа АНУ-ын Нью-Йорк, Калифорни мужийг дамжин өнгөрнө гэж хэвлэлүүд мэдээлж буй юм. Албан ёсоор батлагдаагүй ч тэрээр 10 хоногийн аялалынхаа төгсгөлд Калифорнид байхдаа ийнхүү МакКартитай уулзах төлөвтэй байна.
Хятад улс АНУ-ын албаныханд Цай Инг Вентэй уулзахгүй байхыг удаа дараа анхааруулж, энэ төрлийн уулзалтыг хийснээр тус арлыг тусгаар улс хэмээн дэмжиж байна гэж үзэхээ илэрхийлжээ. Өнгөрсөн наймдугаар сард АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга асан Нэнси Пелоси Тайваньд айлчлах үеэр Хятад, Америкийн харилцаа эрс муудсан. Тиймээс Тайванийн зэвсэгт хүчин Цай Инг Венийг гадаадад байх үед Хятадын аливаа алхамыг анхааралтай ажиглана гэдгээ мэдэгдсэн байна.
Хятадын Тайванийн асуудлыг эрхэлсэн газрын хэвлэлийн төлөөлөгч Жу Фэнлян Бээжинд сэтгүүлчдэд хандан “Цай Инг Вен АНУ-аар дамжин өнгөрнө гэдэг зүгээр зочид буудалд буугаад, онгоцны буудалд байна гэсэн үг биш.Тэр АНУ-ын хууль тогтоогчидтой уулзана гэсэн хардлага байна. Хэрвээ ийм зүйл болвол Тайванийн хоолой дахь энх тайван, тогвтортой байдлыг үгүй хийнэ гэсэн үг” гэжээ.
SOURCE: AL JAZEERA