Жэн Линхуа гэх Хятад охин хэвтэрт байдаг өвөөтэйгээ төгсөлтийн баяраа тэмдэглэж буй зургаа олон нийтийн сүлжээнд нийтэлснээс хойш зургаан сарын дараа нас баржээ. Тэрээр "Өвөө минь миний түшиг тулгуур минь болж ирсэн… Сургуульд элсэх хүсэлтийн минь нэг шалтгаан нь өвөө намайг харж, бахархах байсан" хэмээн тайлбарласан байсан юм. Гэвч түүний баяр баясгалан богино настай байв.
Хэдхэн хоногийн дотор тэрээр цахим дээрэлхэлтийн бай болж, түүнийг "шөнийн цэнгээний газрын охин", "муу сүнс" гэж хүртэл нэрлэн хочилжээ.
Жэн Линхуа хэрхэн нас барсан нь тодорхойгүй байгаа ч өнгөрсөн сард түүний нэг найз нас баралтынх нь шалтгааны талаар ярихдаа, "Интернэт болон сургууль дээрээ дээрэлхэлтэд өртсөний улмаас Жэн Линхуагийн амьдрал 2023 оны нэгдүгээр сарын 23-нд дууссан" гэжээ. Кибер дээрэлхэлт ч гэж нэрлэгддэг энэ үзэгдэл хаа сайгүй тохиолдож байхад Хятадын холбогдох байгууллагууд төдийлөн арга хэмжээ авахгүй байгаа нь энэ явдал улам эрчээ авахад хүргэж байгааг хэвлэлүүд бичиж байна.
Хятадад олон нийтийн сүлжээ хэрэглэдэг 2000 гаруй хэрэглэгчийн дунд явуулсан санал асуулгад оролцогчдын 10 хүн тутмын дөрөв нь ямар нэгэн байдлаар цахим хүчирхийлэлд өртсөн гэсэн хариулт өгчээ. Түүнчлэн хохирогчдын 16% нь амиа хорлох бодолтой болсон, тал хувь нь сэтгэлийн түгшүүр, 42% нь нойргүйдэл, 32% нь сэтгэлийн хямралд орсон гэсэн байна.
SOURCE: BBC