Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын балетын жүжигчин Ө.Мөнхжин ОХУ-ын Пермь хотын Сонгодог бүжгийн сургуулийг балетын жүжигчин мэргэжлээр төгсөж, 2018 оноос өнөөдрийг хүртэл Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт балетын жүжигчнээр ажиллаж байна.
Түүний олон улсын тэмцээнд үзүүлж байсан амжилтуудаас дурдахад:
- 2017 онд БНХАУ-ын Бээжин хотод зохион байгуулагдсан “IBCC 2017” тэмцээнээс тусгай байр,
- 2019 онд ОХУ-ын Улаан-Үд хотод зохион байгуулагдсан “Российско-Японский Евразийский конкурс артистов балета” тэмцээнээс мөнгөн медаль
- 2021 онд БНСУ-ын олон улсын балетын уралдаанд эх орноо төлөөлөн оролцож, тэргүүн байр
- Оны шилдэг уран бүтээл, уран бүтээлчийг тодруулдаг “Мөнгөн мод” шагнал гардуулах ёслолын оны шилдэг бүжигчинээр шалгарсан юм.
Тэрбээр хүүхэд байхдаа ардын бүжиг, цэнгээнт бүжиг бүжиглэдэг байжээ. Дунд сургуульд ороод спортын гимнастикаар хичээллэж, улсын аваргаас алт, мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн байна.
Ө.Мөнхжингийн балетад дурлах болсон шалтгаан нь түүний ээжтэй салшгүй холбоотой. Энэ талаар тэр дурдахдаа, “Миний ээж балетад дуртай, жинхэнэ үзэгч байсан. Намайг балетчин болгох гэсэн нь ээжийн хүсэл, ээжийн минь шийдвэр юм. Пермьд очсон хойноо л балетыг ойлгож, ирээдүйд эзэмших мэргэжилдээ дурлаж эхэлсэн” хэмээн ярижээ. /"Москвад төрсөн од" нийтлэлээс…/
Оны шилдэг бүжигчин тэрбээр 183 см өндөртэй. Жин нь 78-80 кг.
Түүний дуртай бүжгэн жүжиг нь сонгодог урлагийн бүжгэн жүжгийн бүх цаг үеийн хаан бүтээл гэж нэрлэдэг “Жизель”. Тэрээр үүнд яагаад дуртай шалтгаанаа хэлэхдээ, хамгийн хэцүү нь учраас “Жизель”-д дуртай гэж онцолжээ.
ДБЭТ-т ажиллаж буй түүнийг дотоодын үзэгчдээс илүүтэй олон улсын уралдаануудад амжилттай оролцож, гадаадын үзэгчдэд түрүүлж танигдсан уран бүтээлч гэхэд хилсдэхгүй. Тэрбээр, П.И.Чайковскийн “Щелкунчик”, “Хунт нуур”, А.Аданы “Жизель”, И.Морозовын “Амттаны доктор” зэрэг бүтээлд гол дүрүүдийг бүтээсэн юм.