Говьсүмбэр аймгийн прокурорын газраас сумын засаг дарга эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Тодруулбал, тус аймгийн … сумын Засаг дарга нь 30 сая төгрөгийн төсөвт өртөгтэй инженерийн хийцтэй худгийн байршлыг сольсон. Улмаар тогтсон цэгээс 24 км-ийн зайд, өөрийн малыг малладаг малчны өвөлжөөнд өрөмдлөг хийлгэж, өөрт давуу байдал бий болгожээ.
Эл хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Мөн Хэнтий аймгийн прокурорын газраас иргэн А, Х нар нь Оросын Холбооны Улсад уул уурхайн зориулалттай үйлдвэрлэгдсэн эмульсийн тэсрэх бодисыг худалдан борлуулах зорилготойгоор хадгалсан, тээвэрлэсэн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 20.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлжээ.
Прокурорын байгууллагаас өнгөрсөн долоо хоногт нийт 209 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэв.