Урьд өмнө удаа дараа ял шийтгэл эдэлж байсан, иргэдэд түгшүүр төрүүлдэг М-ийн бүлгийн Г, О, З нарыг цагдаагийн байгууллагаас баривчлан саатууллаа.
Уг этгээдүүд энэ сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зүчи” зочид буудлын авто зогсоол, Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэдээс мөнгө, эд зүйлс өгөхийг шаардсан.
Мөн өөрт нь болон түүний ойр дотны хүнд хүч хэрэглэхээр заналхийлж, айлган сүрдүүлэн Lexus-570 маркийн тээврийн хэрэгслийг нь дээрэмдсэн байна. Хэргийг цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжилж, таслан зогсоон мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэллээ.
Шалгалтаар сэжигтэй этгээд Г-ын гэрээс хийн гар буу, М-н тээврийн хэрэгслээс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан байж болзошгүй хутга зэргийг хураан авсан. Тухайн этгээдүүдийг баривчилж, ШШГЕГ-ын харьяа хорих 461-р ангид саатуулав.
Мөн Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.