НҮБ-ын Хүүхдийн Сан нь Монгол Улсын Засгийн Газартай хамтран, Швейцарын Хөгжлийн Агентлагийн дэмжлэгтэйгээр “Эх, хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөөг бууруулах нь” төслийг 2018-2023 онуудад гурван үндсэн зорилгын хүрээнд хэрэгжүүлж өнөөдөр үр дүнгээ танилцуулна.
Энэ удаагийн арга хэмжээ нь “Эх, хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөөг бууруулах нь” төслийн сайн туршлага, инноваци, шийдлийг танилцуулах болон сайн туршлага, оновчтой шийдэл, үйл ажиллагааг үндэсний болон орон нутгийн түвшинд тогтвортой хэрэгжүүлэх, цаашид авах арга хэмжээг хэлэлцэх зорилготой.
Дэлхий даяар жилд 7 сая хүн нас барж байгаа агаарын бохирдолд эмэгтэйчүүд, хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд илүү өртдөг бөгөөд Монгол Улсад хүйтний улиралд хот, суурин газрууд агаарын бохирдол ихтэй байгаа нь нийгмийн эрүүл мэндийн ноцтой асуудал болж байна. Агаарын бохирдол нь хүний эрүүл мэндэд олон төрлийн сөрөг нөлөө үзүүлдэг ба үүнд амьгүй төрөлт, дутуу төрөлт, бага жинтэй төрөлт, уушгины хатгалгаа, бронхит, гуурсан хоолойн багтраа өвчин, уушгины үйл ажиллагааны хүчин чадал, функц муудах, тархины хөгжилд сөргөөр нөлөөлөх зэрэг орно.
Хүйтний улиралд агаарын бохирдлын гол эх үүсвэр нь гэр хорооллын нүүрсээр галладаг зуухнууд юм. Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Монгол улсын Засгийн газар 2019 оны тавдугаар сарын 15-аас Улаанбаатар хотод түүхий нүүрс хэрэглэхийг хориглож, мөн гэр хороололд цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийг үзүүлж, халаалтаа цахилгаанаар шийдэх боломжийг нэмэгдүүлэх, халаалтын уурын зуухны янданд шүүлтүүр суурилуулах зэрэг тодорхой шат дараалсан арга хэмжээг авч хэрэгжүүлсний үр дүнд Улаанбаатар хотын агаар дахь тоосонцрын хэмжээ 40 хүртэл хувиар буурсан үр дүнд хүрсэн. Гэвч Улаанбаатар хотын агаар дахь хүхэрлэг хийн агууламж нэмэгдсэнээр агаарын бохирдлын асуудал тулгамдсан хэвээр байна.
Төсөл нь тоо баримт, нотолгоог бий болгох, агаарын чанарын хяналт, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг сайжруулахад дэмжлэг үзүүлэх, олон нийт, хүүхэд, залуучуудыг мэдлэгжүүлэх, чадавхжуулах, Монгол гэрийн дулаалга, халаалт, агаар сэлгэлтийн ЧИП багц зэрэг нүүрснээс цэвэр технологи руу шилжих шийдэл, цэвэр технологийг хөгжүүлж нутагшуулах, санхүүжилтийн оновчтой механизм, хүртээмжтэй үйлчилгээг нэвтрүүлэх зэрэг үйл ажиллагааны үр дүнд бодит үр дүнд хүрсэн.
Гол үр дүн:
1. Судалгаа шинжилгээ: Энэ төслийн хүрээнд БОАЖЯ нь агаарын бохирдлын талаарх эрдэм шинжилгээний тэргүүлэх чиглэлийг баталж, 28 судалгаа, үнэлгээний ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Үүнд
- Улаанбаатар хотын агаар дахь РМ2.5 тоосонцрын найрлага ба эх үүсвэр,
- Даланзадгад Дулааны цахилгаан станцын хаягдал утааны хэмжилт, агаарын бохирдлын тархалтын судалгаа, Цэцэрлэгийн дотор орчны агаарын чанар,
- Баянхонгор аймгийн цэцэрлэг, эмнэлэг, багийн барилгын дулаан алдагдал ба газрын гүний дулааны насос ашиглах технологийн ТЭЗҮ, Түүхий нүүрсийг хорих арга хэмжээ ба эх, хүүхдийн эрүүл мэндийн үр нөлөө, Агаарын бохирдол ба гуурсан хоолойн багтраа өвчин зэрэг орж байна.
2. Бодлого, төлөвлөлт: Төсөл нь Орчны эрүүл мэндийн үйл ажиллагааны төлөвлөгөө, Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмрийн зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, Eрөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын барилгын төлөвлөлт, эмнэлгийн зориулалттай барилга төлөвлөх норм, дүрмийг боловсруулахад дэмжлэг үзүүлсэн. Орон нутгийн түвшинд Баянхонгор, Говь-Алтай, Өмнөговь аймгууд Цэвэр агаар үйл ажиллагааны төлөвлөгөөг батлахад дэмжив. Мөн БЗ, СХД-т ЧИП болон эрүүл мэндийн үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа бөгөөд Орхон, Дундговь, Сүхбаатар аймгууд төслийн сайн туршлага, ЧИП төслийг аль
хэдийн хэрэгжүүлж эхлээд байна.
3. Агаарын чанарын хяналт: ЦУОШГ-тай хамтран агаарын бохирдлыг урьдчилан таамаглах загварчлал, жижиг оврын төхөөрөмж ашиглан агаар дахь PM 2.5 хэмжих, орон нутгийн цаг уур, орчны шинжилгээний мэргэжилтнүүдийг чадавхжуулах ажлыг гүйцэтгэсэн.
4. Дотор орчны агаарын чанар: Төслийн санхүүжилтээр 67 цэцэрлэг, 21 эмнэлгийн байгууллагад жижиг оврын дотор орчны агаарын чанарын хэмжих төхөөрөмж, 6 цэцэрлэг, 3 эмнэлэгт агаар сэлгэх системийг суурилуулсан байна.
5. Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг сайжруулах: Агаарын бохирдолд өртөхөөс сэргийлэх төлөвлөгөө, олон нийтэд түшиглэсэн эрүүл мэндийн үйлчилгээ, зайлшгүй шаардлагатай эм, хэрэглэгдэхүүний нийлүүлэлт зэрэг ажлуудыг 4 аймаг, нийслэлийн БЗД-т хэрэгжүүлсэн.
6. Эрчим хүчний шийдэл: НҮБ-ын Хүүхдийн Сангийн инновацлаг санаачилга болох Монгол гэрт зориулсан “Дулаалга, халаалт, агаар сэлгэлтийн бүтээгдэхүүн-ЧИП багцыг өнөөдөр 6 аймаг, нийслэлийн 2 дүүргийн 1676 хүн хэрэглэж байна.
7. Хүүхэд, залуусын оролцоо: Хүүхэд, залуучуудад агаарын бохирдол, эрүүл мэндээ хамгаалах мэдлэг, мэдээллийг түгээж, Уур амьсгалын өөрчлөлт, цэвэр агаарын төлөөх хүүхэд залуучуудын сүлжээг санаачилж, УИХ-ын ТХЗ-ын Дэд хороо, Парламентийн судалгааны төвтэй хамтран Өсвөрийн Парламент хөтөлбөрийг хоёр дахь жилдээ хэрэгжүүлж байна.
8. Хамтын ажиллагаа, түншлэл: Салбар бүрд түншлэлийг хөгжүүлж, төрийн болон орон нутгийн засаг захиргааны байгууллага, их сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, иргэний нийгэм, банк санхүүгийн байгууллагуудтай хамтран ажилласан байна.
Эх сурвалж: НҮБ Хүүхдийн сан