АНУ-ын Теннесси мужийн бага сургуульд галт зэвсэгт этгээд халдаж, зургаан хүний аминд хүрсний гурав нь хүүхэд байсныг эх сурвалжууд мэдээлж байна. Хохирогч хүүхдүүд бүгд 9 настай байжээ. Насанд хүрсэн хохирогчын хувьд, 60-аас дээш насныхан байсан юм байна.
Энэ бага сургуульд Христийн шашинтай 3-11 настай хүүхдүүд сурдаг аж. Гэмт хэрэг үйлдсэн этгээд 28 настай трансжендэр хүн байсан байна. Цагдаа нар түүнийг бага байхдаа энэ сургуульд сурдаг байсан байж болзошгүй хэмээн таамаглаж байгаа юм. Гэмт хэрэгтнийг цагдаа нар буудсан ба хэргийн талаар үргэлжлүүлэн шалгаж байгаа гэхээс өөр мэдээлэл өгөөгүй байна.
Хэвлэлүүд цагдаа нар сэжигтний талаар тодорхой мэдээллүүд хэдийн авчихсан гэж таамаглаж байгаа юм. Нас барсан насанд хүрэгсдийн нэг нь сургуулийн захирал байсан ба түүний талаар эцэг эхчүүд дурсаж байна. Тодруулбал, нэгэн ээж “Тэр бүх хүүхдийн нэрийг мэддэг байсан.
Гэр бүл нь санхүүгийн асуудалтай байхад ч тэр бүгдийг нь зохицуулдаг байсан. Тэр хүүхдүүдийн төлөө өгсөн, энэ удаад тэр тэднийг хамгаалж, амиа өгсөн байна” гэж BBC-д өгсөн ярилцлагадаа дурджээ. Америк хүүхдүүд хэт балчир наснаасаа галт зэвсгээс өөрийгөө хамгаалахад бэлдэж эхэлж байгаа нь харамсалтай гэдгийг эцэг эхийн төлөөллүүд мөн хэлж байна. АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден конгрессийг яаралтай энэ асуудалд шийдэл олохыг хэлсэн байна.
SOURCE: BBC