Цахим сүлжээн дэх нөлөө бүхий О.Оюунцэцэг гэдэг бүсгүйг монголчууд Оогий нэрээр нь мэддэг болоод удаж байна. Тэрээр Монголд телевизийн нэвтрүүлэгчээр ажиллаж байгаад хожим нь дизайнер болж, Австрали улсад өөрийгөө бүтээж яваа нэгэн.
Харин Австралийн нэгэн сайт түүний нөхрийнхөө хамт хэрэгжүүлж буй төслийг онцолжээ. Энэ төсөл нь “эх хэлээ” хамгаалах зорилготой буюу ирээдүйн Монгол залуусыг эх хэлээрээ чөлөөтэй, баялаг ярьдаг болохыг дэмжих зорилготой юм байна.
Тодруулбал, төслийнхөө талаар О.Оюунцэцэг “Монгол хэл бол бидний үндэсний бэлгэ тэмдэг. Тиймээс бид эх хэлээ хайрлан хамгаалж, хойч үедээ өвлүүлэх хэрэгтэй” гэжээ. Тэд мөн хоёр хүүтэй бөгөөд 17 настай том хүү нь гэртээ үргэлж Монголоор ярихыг эрмэлздэгээ хуваалцсан байна. Тус гэр бүлийнхэн саяхан Улаанбаатар хотод таван сая ам.долларын өртөгтэй бага сургууль шинээр барьж, боловсон хүчнээр хангаснаар монгол хэлийг хамгаалах гэсэн зорилгоо бизнес болгожээ.
Энэхүү Knight’s Australian Mongolian School (KAMS) нь бага ангийн 160 сурагчтай бөгөөд сургалтын хөтөлбөр нь монгол хэлээр ярианы түвшин тогтмол буурч байгаатай тэмцэх зорилгод чиглэж буйг хосууд онцолсон юм.
Оогий бизнесийнхээ зорилгын талаар “Монголд бага насны хүүхдүүд зөвхөн англиар ярих нь сайхан гэж бодох үзэгдэл ихсэж байгаа тул монгол соёл, хэл нь хэчнээн чухал болохыг аажмаар мартаж байна” гэж тайлбарлажээ. Тэд цаашид ахлах сургууль барихаар зорьж байгаа ба энэ удаа Өвөр Монголын сурагчдыг хамруулахыг мөн хүсэж буй гэнэ.
SOURCE: SBS