“Хөрөг” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Тайвань улсын охидын “HUR” хамтлагийн гишүүн Болороогийн Сарантуяаг урьж, ярилцлаа. Монгол улсынхаа нэрийг гадаадын урлагийн салбарт гаргаж, монгол хэлээ өөрийн хамтлагийн дуундаа шигтгэж, маш хариуцлагатай, үнэ цэнтэй зүйлийг үүрч явдгаараа бахархаж, хамгийн сайнаараа хичээдэг тухайгаа хуваалцсан юм. Б.Сарантуяа гэр бүлийнхэнтэйгээ уулзаж, санасан сэтгэлээ дэвтээн, эх орноосоо эрч хүч, цэнэг авахаар долоон жилийн дараа зорин иржээ.
Түүний хувьд Тайвань улсыг 2017 онд их сургуульд суралцаж, дээд боловсрол эзэмшихээр зорьсон байна. Тэрээр их сургуульд сурч байхдаа маш идэвхтэй, олон тэмцээнд уралдаанд ордог байжээ. Тэр үедээ сургуулийнхаа энтертайнмент хариуцсан багшийнхаа нүдэнд өртөж, шоу нэвтрүүлэгт орох санал авсан байна. Б.Сарантуяа багшийнхаа саналыг хүлээн авч, “Dancing Diamond 52” нэртэй тэмцээнд орсон нь одоогийн “HUR” хамтлагийн гишүүн болох эхлэл нь байсан аж. Тэрээр энэ тухайгаа ярихдаа “Би өөрийгөө сорьж үзье л гэж энэ шоу нэвтрүүлэгт орсон. Дунд шат хүртэл нь яваад, хасагдах байх гэж бодож байсан. Гэтэл би эцсийн шат хүртэл явж чадсан. Маш их дурсамж, маш их түүхийг хамтдаа бүтээсэн” гэсэн юм. Түүний хувьд Монгол улсаас ирж, оролцсон гэдгээрээ энэ шоу нэвтрүүлгийн онцгой оролцогч байжээ.
МОНГОЛ ХЭЛЭЭ ДУУНДАА ОРУУЛАХ НЬ НЭР ТӨРИЙН ХЭРЭГ
Тайвань улсад сүүлийн 20 жил охидын хамтлаг гараагүй. Харин “Dancing Diamond 52” шоу нэвтрүүлгээс төрөн гарсан “HUR” хамтлаг анхдагч болжээ. Хамтлагийн гишүүн бүр өөр өөрийн гэсэн онцгой дүр төрх, авьяас, чадвартай. Б.Сарантуяагийн хувьд хамтлагийнхаа гоцлол хоолой, гадаад төрхөөрөө нүүр царай буюу “Role model”-ийн үүрэг гүйцэтгэдэг.
“HUR” хамтлагийнхан англи, хятад хэлээр дуулахаас гадна Монгол гишүүнтэй учраас дуундаа монгол хэлийг ч оруулдаг. Одоогоор “Need no more” болон “One way to the highway” гэдэг дуунууддаа монгол хэлээ оруулсан гэж бахархалтайгаар хэлсэн юм.
Тэрээр “Би маш том үүрэг, хариуцлага хүлээж байгаа гэж хэлэхэд дутуудахгүй байх. Учир нь Тайвань улсад Монголынхоо нэрийг гаргаж, тэр дундаа урлагийн ертөнцөд хүч үзэж байгаа гэдэг нь миний хувьд маш нэр төрийн хэрэг. Маш үнэ цэнтэй зүйл болох эх орны минь нэр миний нуруун дээр байгаа учраас тэнд ажлаа хийхдээ үргэлж чин сэтгэлээсээ хандаж, алдаа гаргахгүй байхыг маш их хичээдэг. Намайг нэг ч гэсэн хүн олж хараасай, би нэг ч гэсэн хүүхдийн мөрөөдөл нь болоосой гэж боддог. Маш жаргалтай байдаг” гэж хүний нутагт эх орныхоо нэрийг дээдлэн, хүндэлж явдгаа хуваалцсан юм.
ХҮНИЙ НУТАГТ ӨВДСӨН ҮЕД ГАНЦААРАА БАЙХ Л ХАМГИЙН ХЭЦҮҮ
Б.Сарантуяа таван дүүтэй, айлын ууган охин. Олон ам бүлтэй айлын охин гадаадад очоод, ганцаараа байхдаа аав, ээж, дүү нараа маш их санасан нь гарцаагүй. “Гэр бүл гэдэг олуулаа байхдаа илүү сайхан, аз жаргалтай байдгийг Тайваньд очоод мэдсэн. Энд олуулаа байсан хүн тэнд очоод ганцаараа байхад муухай байсан. Гэрийнхнээ л маш их санасан. Өөр хэцүү зүйл байгаагүй” гэж ярих нь түүнийг маш тэвчээртэй, зоригтойг илэрхийлж байлаа.
Тэрээр “Гадаадад сурч, ажиллахад хэцүү гэж боддоггүй. Эх орноосоо, гэрээсээ холдоод маш олон бээрийн цаана очиж байгаа учир амьдралын ухаан сууна. Энэ надад маш чухал. Тиймээс надад хэцүү байна гэж огт хэлэхгүй. Харин надад хамгийн хэцүү байсан зүйл нь чи өвдөхөд хажууд чинь хэн ч байхгүй. Хамгийн хайртай ээж чинь ч байхгүй. Тиймээс өөрийгөө эрүүл байлгах гэж маш их хичээдэг. Эрүүл хооллож, дасгал хөдөлгөөн хийдэг. Өвдөхөөс л маш их айдаг” гэсэн юм.
ХАМГИЙН САЙН ЭГЧ БАЙХЫГ ХИЧЭЭДЭГ
Б.Сарантуяа өөртөө маш их зорилго тавин, түүнийхээ төлөө тууштай хөдөлмөрлөж, залуу насаа зорилгодоо зориулна гэж шийдсэн хүчирхэг эмэгтэй. Тэр “Дүү нартаа хамгийн сайн эгч нь байхыг маш их хүсдэг. Би аав, ээждээ ч хэлдэг. Хорвоод хүн ирдэг, буцдаг. Тэр цаг ирэхэд, аав, ээж минь түрүүлээд явна. Харин түүний дараа би л дүү нартаа үлдэнэ. Тиймээс би хүчирхэг, эрүүл, амжилттай байх ёстой гэж боддог” гэсэн юм.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.