Бид зүгээр л нэг нэгнийхээ дээр гарах гэж хэтэрхий их хичээж, бусдын талаар сөрөг бодол тээж, өөр хоорондоо өрсөлдөн, энэ бүхнээсээ болж стресстэж өөрсдийгөө зовлонд унаган амьдарч буй талаар Мөрөөдлийн театрын залуу уран бүтээлч Б.Гэрэлтуяа ярилаа. Тэрээр хувьд "Шөнө буусан аадар" жүжигт Тэрбишийн охин Аялууны дүрийг бүтээж буй юм. Түүнтэй дүрийн онцлог хийгээд залуу уран бүтээлчийн нүдээр нийгэмд тулгамдаж буй ямар асуудал байгаа талаар цөөн хором ярилцлаа.
Тэрбээр "Намайг Баатарчулууны Гэрэлтуяа гэдэг. СУИС-ийг 2019 онд төгсөөд, одоог хүртэл “Мөрөөдлийн театр”-ын залуу жүжигчнээр ажиллаж байгаа. “Шөнө буусан аадар” жүжгийг ерөнхийд нь нийгэм гэж авч үзэх юм бол, миний бүтээсэн дүр ирээдүйг дүрсэлсэн гэж би боддог. Үнэнтэй нүүр тулж байгаа дүр юм л даа. Аялуун бол одоогийн залуусын төлөөлөл. Бид яагаад ингэж худал хуурмаг амьдраад байна вэ. Ингэж амьдарч болохгүй биз дээ гэх санааг дүрээрээ хэлж байгаа. Театр урлаг нийгмээ шүүмжлэх, эсвэл сайн сайханд дагуулж, зөв үлгэр жишээ харуулах ёстой гэж би боддог. Тиймдээ ч хүмүүс бид зүгээр л аз жаргалтай өөрийнхөө хүссэн зүйлийг хийгээд үнэн амьдарч болно шүү дээ. Заавал өөрийн гэсэн нууцтай. Түүнийгээ хүнд хэлдэггүй. Нүүрэн дээр нь хэлж зүрхлэхгүй атлаа хэн нэгний талаар сөрөг бодол тээдэг. Ийм худлаа, бусдад чин үнэнээ хэлж чадахгүй, үнэнээс ичдэг нийгмийг залуус бид бүтээж байгаа. Миний бодлоор нийгэм маш их стресстэй байгаа учраас нэг нэгэндээ сайн сайхан зүйлийг ч хэлэхээ больсон юм шиг санагдаад байгаа. Энэ бүхнийг дүрээрээ илэрхийлэхийг хичээн ажиллаж байна.
Би одоог хүртэл суралцаад л явж байгаа. Энэ жүжиг маань миний анхны, тайзны бүрэн хэмжээний жүжиг. Маш их зүйл сурч байна. Өөрийн гэсэн хор шартай байх. Шантарч болохгүй, өвдөх эрхгүй хичээх гэх мэт. Урлаг гэдэг өөрөө ийм шүү дээ. Наад нь зах нь жүжигчин хүн цаг барих ёстой гэх мэт маш олон зүйлийг сургаж байгаа. Цаашдаа мэргэжлээрээ ажиллаж өндөрлөгт гарахыг хүсэж байна" гэлээ.