ОХУ Беларусийн нутаг дэвсгэрт тактикийн цөмийн зэвсэг байрлуулна гэж ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин мэдэгдлээ. Ерөнхийлөгч В.Путин энэ алхам нь цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээг зөрчихгүй гэж мэдэгдээд үүнийг АНУ Европт зэвсгээ байрлуулж байгаатай адилтгасан гэж Оросын төрийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна. Гэхдээ ОХУ өөрийн зэвсгийн хяналтыг Беларусьт шилжүүлэхгүй гэж тэр нэмж тодотгосон байна. Харин энэхүү мэдэгдлийн дараа АНУ Оросыг цөмийн зэвсэг хэрэглэхээр “бэлтгэж” байна гэдэгт итгэхгүй байна гэжээ.
АНУ-ын Батлан хамгаалах яам мэдэгдэлдээ "Бид өөрсдийн стратегийн цөмийн байр сууриа өөрчлөх ямар ч шалтгаан олж хараагүй" хэмээгрээд "Бид НАТО-гийн эвслийг хамгаалах хамтын ажиллагаандаа тууштай хэвээр байна" гэжээ. Беларусь улс нь Кремлийн “маш сайн” холбоотон бөгөөд Украины түрэмгийллийг дэмжигч юм. Беларусийн удирдагч Александр Лукашенко Беларусийн нутаг дэвсгэрт тактикийн цөмийн зэвсгийг байрлуулах асуудлыг эртнээс хөндөж байсан гэж Ерөнхийлөгч В.Путин Оросын төрийн телевизэд ярьсныг хэвлэлүүд онцолж буй. Ингэхдээ В.Путин "Энэ шийдвэрт гайхаад байх зүйл байхгүй. Нэгдүгээрт, АНУ үүнийг олон арван жилийн турш хийж байна. Тэд холбоотон орнуудынхаа нутаг дэвсгэрт тактикийн цөмийн зэвсгээ эртнээс байрлуулсаар ирсэн” гэсэн байна. Орос улс Беларусь дахь тактикийн цөмийн зэвсгийг хадгалах байгууламжийн ажлыг долдугаар сарын 1 гэхэд дуусгана гэдгийг тэрээр нэмж хэлсэн. Цөмийн зэвсэг хөөргөхөд ашиглаж болох цөөн тооны “Искандер” тактикийн пуужингийн системийг Беларусь руу аль хэдийн шилжүүлсэн гэдгээ мөн мэдэгдсэн байна.
Тэрээр зэвсгийг чухам хэзээ Беларусь руу шилжүүлэх талаар тодорхой хэлээгүй юм. Ингэснээр ОХУ 1990-ээд оны дунд үеэс хойш анх удаагаа цөмийн зэвсгээ эх орноосоо гадуур байршуулах гэж байгаа явдал болж байна. 1991 онд ЗХУ задран унаснаар Орос, Украин, Беларусь, Казахстан зэрэг шинээр тусгаар тогтносон дөрвөн улсад зэвсэглэл байрлаж, 1996 онд бүх цэнэгт хошуугаа ОХУ-д шилжүүлж дуусгасан байдаг. Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский барууны холбоотнуудаас илүү их цэргийн дэмжлэг үзүүлэхийг дахин гуйсны дараа В.Путин ийм мэдэгдэл хйисэн юм.
Энэ долоо хоногийн эхээр 18 улс орон дайнд нэрвэгдсэн Украин улсад ирэх онд дор хаяж нэг сая их бууны сум нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурсан билээ.Гэвч Украины ерөнхийлөгч В.Зеленский Японы нэгэн сонинд өгсөн ярилцлагадаа Украины зүүн хэсэгт нэмэлт сум ирэх хүртэл сөрөг довтолгоо хийх боломжгүй байгаа гэж хэлжээ.
Эх сурвалж: BBC