Ойрын өдрүүдийн халуун сэдэв бол “Cigarettes after sex” хамтлаг Монголд ирэх гэж байгаа тухай юм. Амьд хөгжимд дурлагч залуус бүрийн тэсэн ядан хүлээдэг Плэй Тайм фестивалын тайзнаа тэд энэ оны долдугаар сард гарах нь баттай мэдээ болсон билээ. Тиймээс нэрнээсээ авхуулаад сонирхол татдаг энэ хамтлагийн талаарх мэдээллийг дэлгэрэнгүй хүргэе.
“Dream pop”, “Indie rock” чиглэлээр бүтээлээ туурвидаг тус хамтлагийг анх дуучин Грег Гонзалез 2008 онд Техаст үүсгэн байгуулсан. Хамтлаг анх 2012 онд “Nothing’s gonna hurt you baby” гэх дуугаа гаргаснаар дэлхийд танигдсан. Үүний араас Монгол залуусын сайн мэдэх “Affection” зэрэг бүтээл бүхий цомгоо гаргасан юм. Ийнхүү Youtube дээр анх танигдаж эхэлсэн хамтлаг Ази, Европ, Америк даяар аялан тоглолтоо хийж эхлүүлсэн аж. Хамтлаг өдгөө гурван гишүүнтэй ба басс гитарчин, бөмбөрчин, дуучин гэсэн гурван хүнээс бүрдэнэ. Тэд нийт гурван цомогтой юм.
Хамтлагийн дуучин Грег Гонзалез “сонирхол татам” хамтлагийнхаа нэрийн тухайд “Миний амьдралд болж байсан зүйл. Уулздаг байсан бүсгүйтэйгээ нэг шөнө тамхи татаад зогсож байхуяа энэ нэр гэнэт л ороод ирсэн” гэсэн байна. Түүнчлэн анх хамтлагаа үүсгэн байгуулж байхдаа тэрээр өнөөгийн амжилтыг төсөөлөөгүй, зорьж байгаагүй гэдгээ хэлж байсан бөгөөд туршилтын байдлаар сонирхлоо даган эхлүүлсэн гэж байжээ. Ихэвчлэн хайр болон сексийн тухай бүтээл туурвидаг тус хамтлагийн дуунууд угаас сэтгэл татам гэдэгтэй сонсогчид нь ч мөн санал нэгдэх биз ээ.
Эх сурвалж: WIKIPEDIA, DISCOGS