Москвагийн ойролцоох нэгэн тосгонд амьдардаг 12 настай Маша Москалевагийн зурсан зураг аавыг нь ял авч магадгүйд хүргээд байна. Тэрээр өнгөрсөн оны 4-р сард нэгэн зураг зурсан бөгөөд энэ зурагт Украины далбаа дээр “Украинд сайн сайхныг” гэж бичсэн бол Оросын далбаа дээр “Дайнд үгүй гэж хэлье” хэмээн бичжээ. Мөн энэ хоёр далбааны голд зогсох ээж, охин хоёрын дээгүүр пуужин нисэж байгааг харуулсан байна. Машагийн сургуулиас цагдаа руу холбогдож, аавыг нь дуудсан байна.
Түүний аав Алексей нь Машаг ганцаараа өсгөдөг бөгөөд цагдаад дуудагсаных нь дараа албаныхан түүний цахим хаягуудыг шалгаж эхэлсэн аж. Улмаар цахим сүлжээндээ дайны эсрэг бичвэр оруулсных нь төлөө түүнийг 32 мянган рублиэр торгосон байна. Харин хэдхэн долоо хоногийн өмнө түүнийг эрүүгийн гэмт хэрэгт буруутгаж, шалгаж эхэлжээ. Энэ удаад түүнд ял оноож болзошгүй байгаа юм.
Алексейг гэрийн хорионд оруулж, шалгаж байгаа бол Машаг хүүхдүүдийн байр луу аваачжээ. Аав, охин хоёр одоог хүртэл холбоогүй байгааг эх сурвалжууд мэдээлж байна. Энэ мэтчилэн ОХУ-д дайныг эсэргүүцсэн иргэдийг армийн нэр төрийг гутаасан гэж үзэн баривчлах тохиолдол хэд хэд гараад байна.