Хятадын хамгийн их үзэгчтэй Jiangsu телевизийн " Super Brain" шоу нэвтрүүлэгт манай улсын тамирчин Н.Энхшүр, Н.Мөнхшүр нар оролцлоо. Ой тогтоолтын дэлхийн аварга, Гиннесийн дээд амжилт эзэмшигч ихэр охид энэ удаад тус шоунд олон улсын тамирчдын багт багтан өрсөлдсөн юм. Олон улсын тамирчдын баг Хятадын тамирчдын багтай халз өрсөлдөж, ой тогтоолт, оюун ухаанаа сорилоо. Тэдний өрсөлдөгчид нь “Тархины хаан” буюу “Brain King” хочтой Cheng Zhi Qiang болон 2022 оны Бүх Хятадын ой тогтоолтын аварга Xu Yangran нар байсан юм.
“Ихэр охид хоёулаа хамт гарч өрсөлдье” хэмээн санал тавьсан тул Хятадын талаас өмнөө барьдаг хоёр шилдэг тамирчнаа тэдэнтэй өрсөлдүүлжээ. Тамирчид давхарлуулан тавьсан хүний алганы зургийг цээжлэх даалгавар гүйцэтгэж, ихэр охид 6 даалгавраа бүгдийг нь бүрэн, амжилттай биелүүлж, Хятадын хоёр тамирчинг ялж, олон улсын тамирчдын багтаа ээлжит нэг оноог авчирлаа. Хятадын тамирчдын тухайд ч тун ч өрсөлдөөнтэй оролцож, сүүлийн мөчид буюу 6 дахь даалгаврын хоёр дахь тоон дээр алдаа гаргасан юм. Ингэснээр тэдний оноог тэглэж, Монголын хоёр тамирчинд ялалтыг өгсөн юм. Нэвтрүүлгийн дүрэмд зааснаар нэг даалгавар дээр л алдаа гаргахад өмнө нь авсан бүх оноог нь тэглэдэг аж.
“Super brain” шоунд дэлхийн шилдгүүд чуулж, хүнд даалгавруудыг богино хугацаанд тааж, ой ухаанаа сорьж байна. Тухайлбал, 1 секунд, 0,9 секундын хугацаанд амжиж, олон оронтой тоог, олон оронтой тоогоор үржүүлэх зэрэг даалгаврууд багтаж байлаа. Монголын шилдэг тамирчид болох Н.Энхшүр, Н.Мөнхшүр нарын ээлжит даалгавар нь хүний гарын алгыг тааж, ямар дараалалд байсныг нь бүрэн таах даалгавар таарсан юм.
Өнөөдөр шууд дамжуулсан нэвтрүүлгээр тэдний ээлжит ялалтыг Монголын оюун ухааны академийн хамт олон тайлбарлан хүргэлээ. Н.Энхшүр, Н.Мөнхшүр нар БНХАУ-д дэлхийн түүхийн чиглэлээр суралцаж байгаа юм байна. Тэд хичээлийнхээ хажуугаар шаргуу бэлтгэл хийн энэхүү тэмцээнд оролцсон талаар шууд дамжуулалтын үеэр багш нар нь онцолж байлаа.