"Цэнхэр алт" усны салбарын үндэсний чуулган Корпорэйт конвеншн центрт өнөөдөр эхэллээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар зохион байгуулж буй энэхүү чуулган нь хүн ам, үйлдвэр, байгууллага, аж ахуйн нэгжүүдийг баталгаатай, хүрэлцээтэй усаар найдвартай хангах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, экосистемийн тэнцвэрт байдлыг тогтвортой хадгалахад чиглэсэн бодлого хэрэгжүүлж, усны нөөцийг хамгаалах, хэмнэлттэй, зүй зохистой ашиглахад талуудын оролцоог ханган, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилготой юм.
Чуулганаар “Усны салбарын тулгамдсан асуудлууд”, “Хөдөө аж ахуйн ус хангамжийн бодлого, практик шийдэл”, “Ус ба тогтвортой хөгжил”, “Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн явц, анхаарах асуудал”, “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий хамгаалалт ба уул уурхай” сэдвээр илтгэл сонсож, хэлэлцэнэ.
Үндэсний чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэлэв.
"Манай орны усны нөөцийн 1.9%-ийг бүрдүүлдэг газрын доорх усаар хэрэгцээнийхээ 70%-ийг хангаж байгаад онцгой анхаарах хэрэгтэй"
Тэрбээр "Манай орон далай, тэнгисээс алслагдсан, дэлхийн дунджаас 3-4 дахин бага хур тунадас ордог, тархалт нь жигд бус, усны нөөц багатай улсын нэг.
Уур амьсгалын өөрчлөлт, хотжилт, уул уурхай, үйлдвэржилт, хүний зохисгүй үйл ажиллагааны улмаас нийт нутаг дэвсгэрийн 77 орчим хувь нь цөлжин доройтож, олон гол горхи, нуур цөөрөм, булаг шанд ширгэсээр буйг олон судалгааны дүнгээс харж болно.
Өнөөдрийн чуулганаар усны нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх зэрэг усны салбарт тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэхээс гадна Тогтвортой хөгжлийн зорилтууд, түүний дотор “Ногоон хөгжил”-ийг хангахад чиглэсэн олон суурь асуудлыг хөндөж, дараах чиглэлүүдээр тодорхой ойлголцол, гарц, шийдэлд хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Үүнд:
Усны салбарын засаглалыг бэхжүүлэх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, Усны тухай хууль, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийг цогцоор нь шинэчилж сайжруулах шаардлагатай байна.
Манай орны нийт усны нөөцийн 1.9 хувийг бүрдүүлдэг газрын доорх усаар нийт усны хэрэгцээний 70 гаруй хувийг хангаж байгаад онцгой анхаарч, шаардлагатай арга хэмжээг нэн яаралтай авч хэрэгжүүлэх нь зүйтэй байна. Тухайлбал, уул уурхай, үйлдвэрлэлийн зориулалтаар газрын доорх усны нөөцийг ашиглахыг хязгаарлах, хаягдал усыг цэвэршүүлж дахин ашиглах технологи нэвтрүүлэх шаардлагатай.
Усны салбарын хөгжлийн томоохон төслүүдийн Техник-эдийн засгийн үндэслэл, Байгаль орчны стратегийн үнэлгээг яаралтай эхлүүлж, санхүүжилтийг зөв шийдвэрлэх, төр, хувийн хэвшлийн түншлэл, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх шаардлагатай байна.
Ард иргэдийг баталгаат ундны усаар найдвартай хангах, говь, тал, хээрийн бүс нутагт ус хуримтлуулан шилжүүлэх замаар усны нөөцийн тогтвортой байдлыг бий болгох ажлыг эрчимжүүлэхэд анхаарах нь зүйтэй.
Иймээс 2030 он хүртэл усны нөөцийг бохирдож, хомсдохоос хамгаалах, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, усны үнэ цэнийг нэмэгдүүлэх, усны зохистой, хэмнэлттэй хэрэглээний соёл, дадлыг төлөвшүүлэхэд чиглэсэн тодорхой, үр дүнтэй арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлж, усны нөөц хамгаалах, нөхөн сэргээхэд бүх нийтээрээ анхаарч ажиллахыг уриалж байна.
Усны салбарын бодлого, зорилт, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд салбарын хамт олон, Та бүхний санал, санаачилга, хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, хичээл зүтгэл хамгийн чухал гэдгийг тэмдэглэж байна” гэлээ.
"Цэнхэр алт" чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Усны газар хамтран зохион байгуулж буй үндэсний чуулганд усны салбарын төрийн болон төрийн бус байгууллага, эрдэмтэн, судлаачид болон иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, олон улсын төсөл, хөтөлбөрийн төлөөлөл бүхий 800 гаруй хүн оролцож байна.
Гол усны эхэнд, ой, усны сан бүхий газарт уул уурхайн үйл ажиллагаа эрхлэхийг хатуу хориглохыг зөвлөлөө
“Цэнхэр алт” үндэсний чуулганаар усны нөөцийг бохирдож, хомстохоос хамгаалах, усны үнэ цэн, үнэлэмжийг нэмэгдүүлэх, ус хангамжийн тогтвортой байдлыг хангах зорилгоор салбарын хууль, эрх зүйн орчныг шинэчлэх, засаглал, бодлогыг сайжруулах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, хүний нөөцийг бүрдүүлэх, чадавхжуулах талаар дараах зөвлөмжийг гаргав.
НЭГ. ХУУЛЬ ЭРХЗҮЙ, ЗАСАГЛАЛЫГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР:
1.1. Усны салбарын засаглалыг бэхжүүлэх, эрхзүйн орчныг боловсронгуй болгох, Усны тухай хууль, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулиудыг цогцоор нь шинэчилж сайжруулах;
1.2. Сав газрын захиргаадын үйл ажиллагааг бэхжүүлэх, бүх талаар дэмжих, санхүүжилтийг нэмэгдүүлэх, сав газрын талуудын оролцооны зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх;
1.3. Монгол Улсын Ерөнхий сайдаар ахлуулсан Усны үндэсний зөвлөлийн хурлыг улирал тутамд зохион байгуулж, зөвлөлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэн, салбарын тулгамдсан асуудлыг хэлэлцүүлж, бодлогын зөвлөмжийг гарган Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулах;
1.4. Усны үнэ тариф, усны нөөцийн төлбөрийг шинэчлэх, уул уурхай, үйлдвэрлэлийн зориулалтаар газрын доорх усны нөөцийн ашиглалтыг үе шаттайгаар хязгаарлах, хаягдал усыг цэвэршүүлж дахин ашиглах технологийг нэвтрүүлэх хууль эрх зүйн зохицуулалтыг сайжруулах;
1.5. Усны стандартыг шинэчлэн, сайжруулах.
ХОЁР. УСНЫ НӨӨЦИЙГ ХОМСДОЛ, БОХИРДЛООС ХАМГААЛАХ, ХУРИМТЛУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР:
2.1. Ард иргэдийг баталгаат ундны усаар найдвартай хангах, говь, тал хээрийн бүс нутагт усыг хуримтлуулан шилжүүлэх замаар усны нөөцийн тогтвортой байдлыг бий болгох, Орхон-Онги, Орхон Говь, Хэрлэн Тооно, Шүрэн зэрэг хөгжлийн төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, байгаль орчны стратегийн үнэлгээ, техник эдийн засгийн үндэслэлийг яаралтай боловсруулах, санхүүжилтийг шийдвэрлэх;
2.2. Аймаг, нийслэл бүр усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсийн хамгаалалтын бүсийг тогтоон, хэрэгжүүлэх, олон нийтийн хамтын оролцоог хангах;
2.3. Газрын доорх усны хайгуул судалгааг нэмэгдүүлэх, нөөцийг зориудаар арвижуулах, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, рашааны болон газрын гүний дулааны судалгааг эрчимжүүлж, зохистой ашиглах нөхцөлийг бүрдүүлэх;
2.4. Усны нөөцийн хяналт-шинжилгээний сүлжээг өргөтгөх, олон улсын стандартад нийцүүлэн боловсронгуй болгох, цахим системийг нэвтрүүлэх, суурь баазыг бэхжүүлэх, санхүүжилтийг шийдвэрлэх;
2.5. Усны нөөцөд үзүүлэх уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг тодорхойлж, төлөвлөлтөд тусган, дасан зохицох арга хэмжээг хэрэгжүүлэх;
2.6. Усны статистик, тоо, мэдээллийг нэгтгэн, цахим хэлбэрт оруулж, нээлттэй ил тод болгох;
2.7. Гол усны эхэнд, ой, усны сан бүхий газарт уул уурхайн үйл ажиллагаа эрхлэхийг хатуу хориглох;
2.8. Гадаргын усны бохирдлыг бууруулах, дэвшилтэт технологи нэвтрүүлэх, сумын төв, суурин газруудын хаягдал ус цэвэрлэх байгууламжийг шинэчлэх, шинээр байгуулах ажлыг хэрэгжүүлэх.
ГУРАВ. САЛБАРЫН ХҮНИЙ НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ, АЖИЛЛАХ НӨХЦӨЛИЙГ БҮРДҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР:
3.1. Усны салбарын мэргэжилтэн, албан хаагчдын ажиллах нөхцөлийг сайжруулах, цалин хөлсийг нэмэгдүүлэх зорилгоор нийгмийн баталгааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах;
3.2. Салбарын байгууллагын албан хаагчдын ангилал зэрэглэлийг өөрчлөн, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг хангах;
3.3. Ирээдүйн эрэлт хэрэгцээнд тулгуурлан усны салбарын хүний нөөцийг бүрдүүлэх, бэлтгэх, чадавхжуулах хөтөлбөрийг боловсруулан, хэрэгжүүлэх;
3.4. Салбарын судалгаа, шинжилгээний чадавхыг сайжруулах, материаллаг баазыг бүрдүүлэх, нэмэгдүүлэх.
ДӨРӨВ. ОЛОН НИЙТИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР:
4.1. Усны мэргэжлийн байгууллага, мэргэжлийн холбоод, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага болон төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах;
4.2. Олон нийтэд гол ус, нуур цөөрөм, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, усны хэрэглээний зөв дадал зуршлыг бий болгох нөлөөллийн ажлыг бүх шатанд зохион байгуулах.
Эх сурвалж: Ерөнхийлөгчийн Тамгын Газар